Америкийн иргэн Ричард Сирс Хятад улсад ирээд 50 шахам жил болжээ. Тэрбээр ханз судалдаг бөгөөд Хятадын эртний ханзуудын тухай мэдээллийн сан хийж, вэб хуудас хүртэл нээжээ.
"Намайг Ричард Сирс гэдэг. Хятад хүмүүс сүүлийн арав гаруй жилд намайг “Ханз судлаач ах” хэмээн нэрлэх болсон. Миний олж мэдсэнээр, маш олон эртний ханз одон орон судлалтай холбогддог. Цаг улирлын тооллого, 24 мөчлөг, 12 жил гээд... Эдгээр нь надад маш сонирхолтой санагдсан".
△Ханз судлаач америк инженер Ричард Сирс
Ричард Сирс Америкийн баруун бүсийн Орегон мужид төрж өсжээ. Тэрбээр физикийн ухааны баклавар, компьютерын мэргэжлээр магистр хамгаалжээ. Шинжлэх ухаан технологийн чиглэлээр суралцсан боловч хожим нь Хятад улсын соёл, үсэг бичигт сонирхон дурлах болжээ.
Ханз бол Хятад улсыг ойлгох танин мэдэхүйн түлхүүр гэж тэр үздэг. Иймээс тэр хятад үг хэл, үсэг бичгийн талаар судалгаа хийж, дэлхийн хүмүүст мэдлэгээ хуваалцах зорилгоор мэдээллийн сан үүсгэж, вэб хуудас ажиллуулахад найман жилээ зориулжээ.
"Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд Хятад улсын нөлөө улам нэмэгдэж, гадаадын маш олон хүмүүс хятад хэл, ханз сурч байна. Зарим нь Хятадын соёлд илүү сонирхолтой, зарим нь Күнз, Лаози, Жуанзийн үзэл санааг сонирхдог, зарим нь уламжлалт анагаах ухаанаас суралцах бодолтой, бас зарим нь бизнес хийх санаатай байдаг. Иймээс миний веб сайтыг анх эхлэхдээ л өдөрт 15 мянга гаруй хандалттай байсан. Одоо бол 600 мянган удаагийн хандалттай болоод байгаа. Вэбийг маань нэг сард нэг сая удаа уншдаг".
Ричард Сирс эртний сурвалж бичгийн дөрвөн дэвтэр номон дахь Хятадын эртний үсгийг бүгдийг нь сканнердан компьютерт оруулжээ. Ханзын эх сурвалжийн веб сайтад хамгийн түгээмэл хэрэглэгддэг 6552 ханзны эх гаралд тайлбар хийж, 100 мянга гаруй эртний ханзны дүрс хэлбэрийг цуглуулан эмхэтгэжээ. Тус сайтын хэрэглэгчид нь одоогоор дэлхийн 170 гаруй улс орон, бүс нутгийг хамраад байна.
△Ричард Сирс Наньжинд байгаа нь
2019 онд Ричард Сирс Наньжиний нэгэн компанитай хамтран хиймэл оюун ухааны технологи ашиглан, санахад хялбар, шинжлэх ухааны шинэ бүтээл болох үсгийн эх картыг бүтээжээ. Үсэг таних картыг кодоор уншуулбал үсгийн тиг гар утсан дээр “амилан” харагддаг гэж Ричард Сирс хэлэв.
2020 оны сүүлч гэхэд дэлхийд нийт 180 гаруй улс орон, бүс нутаг хятад хэлний сургалт явуулж, эдгээрээс 70 гаруй орон хятад хэлийг улс ардын боловсролын системд хамруулж, олон улсад хятад хэл сурч буй иргэдийн тоо 20 саяыг хол давжээ.
△Ричард Сирс
Үг хэл үсэг бичиг бол соёлын өв, түүхийн тунадас, харилцаа солилцоог тусгадаг, Хятад улсын хөгжлийн ололт амжилт дэлхийн анхаарлыг татаж буйн зэрэгцээ дэлхий нийт Хятад улсын хөгжлийн суурь болсон гүн зузаан соёлтой танилцахыг хүсэж байна гэж Ричард Сирс хэллээ.
"Хэрэв та дэлхийг танин мэдье ойлгоё гэж бодож байгаа бол хятад хүмүүсийн тухай, ханз үсгийн тухай ч танин мэдэх зайлшгүй шаардлагатай. Учир нь Хятадын соёл ч дэлхийн соёл юм".
△Ричард Сирсийн үзэж байгаагаар ханз бол Хятад улсыг илүү сайтар танин ойлгохын түлхүүр юм.
Хятад улс өдөр бүр өөрчлөгдөн шинэчлэгдээр байна. Эдгээр өөрчлөлтүүд нь Хятадын соёлын талаар судалгаагаа цаашид үргэлжлүүлэх, цаашид илүү олон хүмүүстэй Хятадын үг хэл, үсэг бичгийн тухай хуваалцах, илүү олон хүмүүст Хятад улсыг танилцуулахад урам зориг өгч байна гэж Ричард Сирс ярьсан юм.
"Өдгөө Хятад улс хөгжин дэвшиж байна. Дэлхийн хаана ч хятад хүмүүс бий. Хятад хэл, ханз улам чухал болж байна. Хүн хэрэв өөрийн дуртай хоббитой зүйлээ хайж олж, хүсэл зорилтынхоо төлөө тэмүүлвэл амьдрал илүү баяр баясалтай болдог".
\Уртнасан.\