БНХАУ, БНСУ дипломат харилцааныхаа 30 жилийн ойг тэмдэглэв
2022-08-25 14:52:45
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан саяхан БНХАУ-аас БНСУ-д суугаа Элчин сайдын яам Сөүлд хүлээн авалт зохиожээ. БНХАУ, БНСУ-ын олон салбарын зүтгэлтнүүд хоёр орны дипломат харилцаа, түүнээс хойших хамтын ололт амжилтуудыг эргэн дурсаж, Хятад, Солонгосын харилцааны ирээдүйн хөгжилд сайн сайхныг ерөөсөн байна.

Хятадаас БНСУ-д суугаа элчин сайд Шин Хаймин хүлээн авалтын нээлтэд хэлсэн үгэндээ, 1992 оны наймдугаар сарын 24-нд БНХАУ, БНСУ хоёр орны засгийн газрын төлөөлөгчид дипломат харилцаа тогтоох хамтарсан албан мэдэгдэлд гарын үсэг зурсан үеийг дурссан бөгөөд хоёр орон олон салбарт хамтын ажиллагааны өргөн орон зай бий тул цаашдын 30 жилд илүү сайн хөгжих нь зайлшгүй гэв. Тэрээр хэлэхдээ:

"Сүүлийн 30 жилд, БНХАУ, БНСУ-ын харилцаа “салхи бороо”-г туулан урагшилж, бүх талаар түргэн хөгжсөн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, өөр тогтолцоотой, үзэл ойлголттой улс орнууд ч гэлээ харилцаа хамтын ажиллагааны үлгэр жишээг харуулж чадсан билээ. “Хүн 30 нас хүрэхэд ухаан чадвар төлөвшдөг” гэж Күнз хэлсэн байдаг. Өнөөгийн Хятад, Солонгосын харилцаа илүү боловсронгуй, бие даасан, тогтвортой, илүү их амьжиргааны эрчимлэг байх ёстой юм. Ирээдүйд БНХАУ, БНСУ хоёр талт худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, олон улсын үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүрэн, тогтвортой байдлыг хадгалах, олон улсын шударга ёсыг хамгаалах тал дээр хамтын ашиг сонирхлоо нэгтгэж, хагас дамжуулагч, их өгөгдөл, хиймэл оюун ухааны салбарт хамтын ажиллагааны өргөн орон зайтай тул Хятад Солонгосын хамтын ажиллагааны ирээдүйг асар их боломж бололцоотой гэж хэлж болох юм" гэв.

БНСУ-ын парламентын дарга Ким Жин Пё илтгэлдээ БНСУ, БНХАУ хоорондын туулж өнгөрүүлсэн мянган оны найрсаг харилцааны түүхийг ярьж, орчин нөхцөл өөрчлөгдөвч хоёр орны хоорондын найрсаг сэтгэлгээ хэвээрээ гэжээ. Тэрээр хэлэхдээ:

"Солонгост ч, Хятадад ч 30 насыг “Ухаан чадвар төлөвших нас” гэж ярьдаг. 30 орчим жил болоход бидний зорилт шийдвэр улам ч бэхжин төлөвшиж, эргэн тойрны орчин нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн ч бидний хоорондын найрамдал нөхөрлөл хувиршгүй гэж би бодож байна. Хоёр орны найрсаг харилцаа он удаан жилийн түүхтэй. Хөрш орны харилцаа, найрсаг солилцооны үндсэн зориг санаан дээр үндэслэн БНСУ, БНХАУ хоорондоо димпломат харилцаа тогтоосон юм. Зовлон жаргалаа хамтатган, хамтдаа урагшлах ёстой. БНСУ, БНХАУ хоорондын найрамдлаа үүрд нандигнан хөгжүүлэхийг би хүсэж байна" гэлээ.

БНСУ-аас Хятадад суугаа элчин сайд асан, Хятад Солонгосын димпломат харилцаа тогтоох хэлэлцээрийн БНСУ-ын талын дэд төлөөлөгч асан, өдгөө 84 настай Квон Бён Хён мөн өдрийн хүлээн авалтад оролцож, БНСУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосноос хойших 30 жилийн ололт амжилтад маш баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашдын 30 жилд тавьж буй өөрийн хүсэл эрмэлзлээ  ч дэвшүүлжээ. Тэрээр хэлэхдээ:

"БНСУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосноос хойш олсон ололт амжилтуудын талаар бид зөндөө ярилаа. Солонгос, Хятадын харилцааны ирээдүйн 30 жилийн тухай ярихад, “Усыг нь уусан булгаа үл мартах” зарчмыг би хүсэж байна. 30 жилд бид харилцан дэмжиж туслалцсаар ирсэн. Бид БНХАУ-аас маш олон дэмжлэг туслалцаа хүртсэн, Хятад улс ч БНСУ-ын тус дэмжлэгийг хүлээн авч байсан удаатай. Бид харилцан тусалж дэмжилцсэнээ үл мартан, улмаар харилцан ашигтай хамтын амжилтад хүрэхээр чармайж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхийг хүсэж байна" гэжээ.





\Уртнасан.\