Наймдугаар сарын 25-26-нд Таиландын нийслэл Бангкок хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ын Эрүүл мэнд, эдийн засгийн 12-р дээд хэмжээний уулзалт боллоо. Таиландын Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан уг уулзалтад АПЕК-ын гишүүн орнуудын эрүүл мэндийн сайд нар болон бусад өндөр албан тушаалтнууд онлайн болон офлайн хэлбэрээр оролцов.
Таиландын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул чуулганы нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, энэ удаагийн уулзалтыг “Нээлттэй, уялдаатай, тэнцвэртэй” уриан дор зохион байгуулж байгааг тэмдэглээд, эрүүл мэнд, эдийн засгийн хөгжлийг тэнцвэртэй байлгахыг онцолсон бөгөөд эрүүл мэнд нь тогтвортой хөгжил, эдийн засгийн хөгжлийн баталгаа юм гэжээ.
Цар тахал дэгдсэн нөхцөл байдалд халдвараас урьдчилан сэргийлэх болон эдийн засгийн хөгжлийг тэнцвэртэй байлгах талаар хуралд оролцсон зочид төлөөлөгчид туршлага солилцов. АПЕК-ын Нарийн бичгийн дарга нарын газраас эрүүл мэндийг золиослохгүйгээр эдийн засгийн сэргэлтийг дэмжих зөвлөмжийг гаргаж, худалдааг хялбарчлах замаар улс орнуудыг вакцин, эмнэлгийн хэрэгслээр хангаж, улс орон бүс нутаг хоорондын эрүүл мэндийн аюулгүй коридор байгуулж, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэн, цар тахлаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг аль болох багасгахыг санал болгожээ.