Үзэсгэлэн яармагт Германы аж ахуйн нэгжүүд дахин оролцоно
2022-08-29 17:04:47
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн үйлчилгээ худалдааны салбарын хамгийн том иж бүрэн үзэсгэлэн болох 2022 оны үйлчилгээ худалдааны олон улсын яармаг 8-р сарын 31-ээс 9-р сарын 5-ны хооронд Бээжинд болно. Германы гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын салбарыг тэргүүлж байгаа шилдэг аж ахуйн нэгжүүд энэ жил тус үзэсгэлэнд дахинтаа оролцохоор болжээ. Тэд энэхүү нээлттэй хамтын ажиллагаатай, хамтдаа ашиг хүртэх боломж бүхий чухал арга хэмжээнээс нөхөрлөл болон бизнесийн алтан боломжуудыг үргэлжлүүлэн олж авна гэдэгтээ  маш их найдлага тавьж байна. 

Германы гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын газрын Бээжин дэх төлөөлөгчийн газрын ахлагч Жу Дэвэй (Деннис Вилкенс) сэтгүүлчдэд хэлэхдээ: "Үзэсгэлэн яармагт хоёр дахь удаагаа оролцож буй Германы гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын газар нь энэ жил Хамбург, Хойд Рейн-Вестфали, Тюринги зэрэг мужуудын эдийн засгийг ахиулах агентлагууд болон Германы хоёр компанитай хамтран Германы үндэсний павильоныг бүрдүүлэх болно" гэжээ. Мөн тэрбээр:

“Энэ жилийн Үйлчилгээ худалдааны яармагийн гол уриа ёсоор хүмүүс "дижиталчлал" болон "ногоон ирээдүй"-г өөр өөрийн өнцгөөс санал болгох боломжтой. Энэ сэдвийн хүрээнд зөвхөн Хятадын шилдэг аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг дэлгээд зогсохгүй бусад улс орон болон бүс нутгийн павильонуудад энэ салбарын хөгжил, чиг хандлагыг онцлон харуулах болно. Мөн бид Германы павильонд лангуу тавьж, Герман улсаас хүрэлцэн ирж оролцож байгаа компаниудад холбогдох зөвлөгөө өгөх болно. Үүний зэрэгцээ бид бас "Герман дахь дижиталчлал" буюу “Ирээдүйн хотуудын форум”хэмээх арга хэмжээг зохион байгуулж, хөрөнгө оруулалтын зорилтот газар болох Германы сонирхол татахуйц байдлыг улам тод товойлгон харуулах болно” гэжээ. 

Энэ удаагийн форумын гол сэдвийн талаар Жу Дэвэй тэмдэглэхдээ: Хотуудын хувьд "ногоон ирээдүй" нь уур амьсгалд ээлтэй шинэ үеийн хандлага бөгөөд зорчих хөдөлгөөнтэй салшгүй холбоотой юм. Автомашиныг хамтдаа ашиглах шинэ загварууд, автоматаар жолооддог цахилгаан машинууд эсвэл эрчим хүчний хэмнэлт, орчил эдийн засаг гэхчлэн дижиталчлал нь өргөн уудам ирээдүйг хамардаг юм" гэжээ.

 Тэрээр цааш нь хэлэхдээ “Хөрөнгө оруулалтын чиглэлээр бид дижиталчилал, уур амьсгалд ээлтэй хөдөлгөөн, хангамжийн шинэлэг шийдэл, автоматжуулалтын технологи ба робот техник, худалдаа ба нийлүүлэлтийн сүлжээ, эмзүй, эмнэлгийн технологи болон цахим эрүүл мэнд гэсэн таван салбарт анхаарлаа хандуулж байна. Эдгээр агуулга нь энэ жилийн үзэсгэлэнгийн сэдэвтэй нягт холбоотой бөгөөд сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлагад олон талаас тусгалаа олсон тул үйлчилгээ худалдааны үзэсгэлэн нь бидэнтэй маш нягт холбоотой юм. Тус үзэсгэлэн худалдаагаар дамжин бид Хятад дахь хамгийн сүүлийн үеийн тэргүүний төслүүд болон жишиг компаниудын талаар ойлгож мэдэх боломжтой. Бид хоёр талын харилцааны боломжийг ашиглаж, Германтай холбоотой мэдээлэл болон боломжуудыг танилцуулахыг хүсэж байна” гэжээ.

Жу Дэвэй хэлэхдээ: Германы гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын газар энэ удаагийн үйлчилгээ худалдааны үзэсгэлэнг тэсэн ядан хүлээж байна. Энэ жил тус газраас үзэсгэлэнд оролцох зорилго маш тодорхой юм. Тэр нь даруй харилцан ашигтайгаар хамтран ажиллах нөхцөл байдлыг үргэлжлүүлэн бий болгох явдал. Нэг талаас Хятадын аж ахуйн нэгжүүдтэй гүнзгий харилцаж, туршлага солилцох, нөгөө талаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, сурталчлахаар дамжин Германы бизнесийн байр суурийг нэмэгдүүлэх явдал юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Өмнөх удаагийн үйлчилгээ худалдааны үзэсгэлэнгийн үеэр бид цуврал уулзалтуудыг маш амжилттай зохион байгуулж чадсан. Энэ жил харин үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлж, үзэсгэлэнгийн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Үйлчилгээ худалдааны үзэсгэлэн нь ХБНГУ-ын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын газраас Хятадад павильон байгуулж оролцсон хоёр томоохон үзэсгэлэнгийн нэг бөгөөд Германы адил бус мужуудын эдийн засгийг дэмжих агентлагуудтай хамтран форум зохион байгуулах цорын ганц үзэсгэлэн юм. Иймээс бидний хувьд тус үзэсгэлэн маш чухал ач холбогдолтой. Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах форумуудад оролцсоноор бид илүү олон компани хийгээд хамтын ажиллагааны түншүүдтэй холбоо харилцаа тогтоох болно” гэжээ.