БНХАУ, БНСУ-ын харилцааны ирээдүй гэрэлтэй байна
2022-08-30 15:35:59
Share
Share this with Close
youtube WeChat

1992 оны наймдугаар сарын 24-нд Хятад, Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгчид Бээжингийн Дяо Юйтай төрийн ёслолын ордонд "Дипломат харилцаа тогтоох хамтарсан албан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, хоёр улсын хооронд албан ёсоор дипломат харилцаа тогтоожээ. Ийнхүү хоёр орны харилцааны шинэ түүх эхэлж, Хятад, Өмнөд Солонгосын харилцааны иж бүрэн, түргэн хөгжлийн хуудас нээгдсэн байна.

Энэ сарын 24-нд хоёр орны Гадаад хэргийн яам Сөүл, Бээжинд тус тус дурсгалын арга хэмжээ зохион байгуулав. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И болон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин нар уг арга хэмжээнд оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл нарын баярын захидлыг уншиж танилцуулав.  

Хятадаас БНСУ-д суугаа Элчин сайд Шин Хаймин Хятад, Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоох болон Хятадаас БНСУ-д суух Элчин сайдын яамыг байгуулахад оролцож, урьд өмнө дөрвөн удаа Өмнөд Солонгост суурин ажиллаж байжээ. Элчин сайд Шин Хаймин хоёр орны харилцааны түүхэн үйл явцын гэрчийн хувьд онцгой сэтгэгдэлтэй байсаар ирсэн юм. Хятад, Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Элчин сайд Шин Хаймин хоёр орны харилцааны хөгжлийг эргэн дурсаж, цаашид Хятад, Өмнөд Солонгос хоёр орон улам нягт хамтран ажиллахыг хүсэн зөгнөж байгаагаа илэрхийлэв.  

Хятад, Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоох хэлэлцээрээс эхлээд албан ёсоор дипломат харилцаа тогтоож, дахин хоёр орон дипломат харилцаа тогтоосны 10, 20 жилийн ой болж, өнөө гэхэд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Элчин сайд Шин Хаймин хоёр улсын хоорондын түүхэн чухал явдал бүрийг өөрийн биеэр туулж, нүдээр үзэж, гар бие оролцож байсан юм. Эдгээр дурсамжуудыг эргэн санахдаа Элчин сайд Шин Хаймин сэтгэл дүүрэн байдаг.

Тэрээр хэлэхдээ: “30 жилийн өмнө би Хятад, Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоох хэлэлцээрт оролцож, Хятадын төрийн далбаа болон Элчин сайдын яамны хаягийг Сөүлд авчирсан. Тэр үед Сөүл хот Ханьчэн гэсэн урьдын нэрээрээ байсан. Мөн би Хятадын элчин сайдын яамыг байгуулахад оролцож байв. 30 жилийн дараах өнөөдөр энд би та бүхэнтэй хамт хоёр орны мөр зэрэгцэн туулсан гайхамшигт түүхийг дүгнэж, хоёр талт харилцааны сайн сайхан ирээдүйд итгэл төгс байна. БНХАУ, БНСУ дипломат харилцаа тогтоох анхны хүсэл эрмэлзлээ ямагт эрхэмлэн дээдэлж, харилцан хүндэтгэж, харилцан итгэлцлийг баримталж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд анхаарч, энх тайван, найрамдлын төлөө тууштай байж, дараагийн 30 жилд Хятад, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг чармайн ахиулж, нэн илүү шинэ хөгжилд хүргэхийг би чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.  

Элчин сайд Шин Хаймин Хятад, Өмнөд Солонгосын найрамдал болон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар ярих дуртай. Тэрээр хэлэхдээ: “Хятад, Өмнөд Солонгос үе дамжин хөрш зэргэлдээ оршиж, хоёр орны ард түмний найрсаг харилцаа олон мянган жилийн турш үргэлжилсээр ирсэн юм. 1996 онд ноён Ким Кугийн хүү ноён Ким Шин БНХАУ-ын Жэжянь мужийн Жин Жиүгийн дурсгалт газарт очин хүндэтгэл үзүүлж, дурсгалын дэвтэрт "Уусан усаа санагалзахуй, Өмнөд Солонгос-Хятадын найрамдал" хэмээх найман шгийг томоор бичиж, Хятад, Өмнөд Солонгос хоёр орон болон хоёр ард түмэн хоорондын салшгүй найрамдлыг тод томруунаар тайлбарласан байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятад, БНСУ-ын харилцаа сорилт бэрхшээлийг туулж, иж бүрэн, түргэн хөгжилд хүрч, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх  амжилтад хүрсэн байна. Мөн өөр өөр системтэй, өөр өөр үзэл бодолтой улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааны загварыг бий болгосон юм. Хоёр орон стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоож, улс төрийн харилцаа холбоо хийгээд харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч байна. Хоёр талт худалдааны хэмжээ жилд 360 тэрбум ам.долларт хүрч, харилцан хөрөнгө оруулалт нийтдээ 250 тэрбум ам.долларт хүрчээ. Цар тахлаас өмнө хоёр орны хүмүүсийн харилцан нөхөрлөл давхардсан тоогоор хэдэн арван сая удаагийн давтамж руу оров. Хоёр талт харилцаа холбоо, зохицуулалтаа хэвээр хадгалж, олон талт үзэл, чөлөөт худалдаа, олон улсын шударга дэг журмыг хамгаалахын төлөө хамтран ажиллах болно. Хятад, БНСУ-ын хамтын ажиллагаа нэгэнт хоёр талын хүрээнээс хальж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан байна” гэжээ.  

Одоо Хятад, Өмнөд Солонгосын харилцаа "насанд хүрлээ". Хятад, Өмнөд Солонгосын дипломатууд ч хоёр орны харилцааны талаар дахин нягталж, дүгнэж байна. Цаашид хоёр орны харилцаа улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Элчин сайд Шин Хаймин тэмдэглэхдээ: “Күнз "30 насанд бие даана" гэж хэлсэн байдаг. Өнөөгийн Хятад, БНСУ-ын харилцаа улам боловсронгуй, улам бие даасан, улам тогтвортой болсон байна. Хятад улс Өмнөд Солонгосыг чухалчлан үзэж, БНХАУ БНСУ-ын харилцаа нь дипломат харилцааны жанжин шугамд чухал байр суурь эзэлсээр байна. Одоогийн байдлаар, Хятад, Өмнөд Солонгос хоёр улс цөм хөгжлийнхөө чухал үе шатанд иржээ. Хятад улс оны сүүлийн хагаст ХКН-ын төлөөлөгчдийн 20-р их хурлыг хийж, Хятадын ирээдүйн дунд болон урт хугацааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, төсөв төлөвлөгөөгөө гаргах болно. Өмнөд Солонгос улс ч гэсэн Ерөнхийлөгч Юн Сок Ёлын удирдлаган дор илүү сайн сайхан ирээдүйг бий болгохын төлөө шаргуу ажиллаж байна.Хятад, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны ирээдүйд хязгааргүй боломж, асар их нөөц бололцоо бий” гэжээ.  

Элчин сайд Шин Хаймин БНХАУ, БНСУ-ын харилцааны ирээдүйн хөгжилд итгэл дүүрэн байлаа. Тэрээр тэмдэглэхдээ: Хятад, Өмнөд Солонгос хоёр орон олон мянган жилийн харилцааны түүхтэй, түүнчлэн хоёулаа дорны соёл уламжлалыг хуваалцаж, харилцан ойлголцон түшилцэж, аливаа зовлон бэрхшээлийг хамтдаа даван туулж чадна гэв.

Тэрээр хэлэхдээ: “Олон улсын өнөөгийн байдал ээдрээтэй, гүнзгий өөрчлөлтийг туулж байна. Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн шинэ түүхэн эхлэл дээр зогсож байгаа Хятад, Өмнөд Солонгос бол хэзээ ч нүүж хөдөлшгүй ойр хөрш юм. Хоёр орны харилцааны хөгжил нь шинэ итгэл найдвар болон боломжийг угтан авчирч байгаа ч зарим шинэ сорилт болон харш саадтай тулгарч байна. Хоёр тал бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, итгэлцлийг нэгдүгээрт тавьж, харилцан ойлголцож, бие биенээ хүлээн зөвшөөрч, бие биенийхээ анхаарч буй үндсэн асуудал болон гол ашиг сонирхлыг хүндэтгэж, анхаарал халамж тавьж байгаа цагт даван туулах боломжгүй саад бэрхшээл гэж байхгүй, давж дийлдэшгүй даваа гэж үгүй юм” гэжээ.