Хятадын үйлчилгээ худалдааны салбар дэлхийд хоёрдугаарт жагссаар байна
2022-08-31 16:02:18
Share
Share this with Close
youtube WeChat


2022 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармаг удахгүй нээлтээ хийнэ. Энэ жил 10 дахь удаагаа болж буй тус арга хэмжээний хүрээ хэмжээ жилээс жилд өргөжсөөр ирсэн билээ. Өнгөрсөн арван жилд Хятадын үйлчилгээ худалдаа ч эрчимтэй түргэн хөгжсөн. 2012 оноос хойш Хятадын худалдааны салбарын импорт экспорт жилд дунджаар 6.1 хувиар өсөж найман жил дараалан дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Мэргэжилтнүүд дүгнэхдээ Хятадын баримталж буй гадаадад нээлттэй бодлого нь тус салбарын хөгжлийг үргэлжлүүлэн дэмжих болно гэжээ.

Хятадын Худалдааны яамны тоо баримтад харуулснаар, өнгөрөгч арван жилд Хятадын үйлчилгээ худалдааны салбар хурдацтай өсөлтөө хэвээр хадгалж, жилд дунджаар   6.1 хувиар өсөж, дэлхийн өсөлтөөс 3.1 нэгжээр илүү болов. Өнгөрсөн жилээс эхлэн Хятадын худалдаа үйлчилгээний салбар дэлхийн томоохон эдийн засагтай орнуудаас түрүүлэн цар тахлын нөлөөг даван туулснаар, сэргэлтийн чанартай өсөлтийг хангажээ. Хятадын Худалдааны яамны дэд сайд Шэн Чюпин "Хятадын үйлчилгээний олон улсын өрсөлдөх чадвар улам дээшилсээр байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Өнгөрсөн онд Хятадын импорт экспортын хэмжээ 5.3 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 16.1 хувиар нэмэгдэж түүхэн дээд амжилт тогтоосон байна. Худалдааны экспортын дэлхийд эзлэх чансаа 4-өөс 3-р байр хүртэл өссөн байна. Энэ оны эхний хагаст Хятадын үйлчилгээ худалдааны салбар хурдацтай өсөлтийн хандлагаа үргэлжлүүлэн хэвээр хадгалж, импорт экспортын нийт хэмжээ 2.9 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 21.6 хувиар нэмэгдсэн юм.  

Үүнээс экспорт 1.4 их наяд юань болж, 24.6 хувиар өссөний зэрэгцээ, Хятадын бараа бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадвар улам дээшилсэн байна” гэжээ.

Шэн Чюпин хэлэхдээ: Хятадын худалдаа үйлчилгээний салбарын жилийн өсөлт дэлхийд нэгдүгээрт ордог, үйлчилгээний салбарын нээлттэй байдлын түвшин тасралтгүй дээшилж, дижиталчлагдах үйл явц аажмаар урагшилсаар байна. Олон улсын зах зээлийн нөхцөл байдал ээдрээтэй, байнга өөрчлөгдөж байгаа хэдий ч Хятадын худалдаа үйлчилгээний хөгжлийн бат бэх үндэс суурь өөрчлөгдөөгүй, урт хугацааны эерэг хөгжлийн хандлага ч өөрчлөгдөөгүй, гадаад худалдаан дахь чухал байр суурь болон гүйцэтгэх үүрэг мөн өөрчлөгдөөгүй гэжээ.

Гадаад эдийн засаг худалдааны их сургуулийн олон улсын эдийн засгийн судалгааны дээд сургуулийн захирал Сан Байчуань үзэхдээ: Хятадын үйлчилгээ худалдааны салбар хөгжлийн өргөн ирээдүйтэй. Үндсэндээ гурван хүчин зүйлээс шалтгаалж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Жил бүр хэдэн арван сая гаруй коллеж төгсөгчид манай салбарт ирдэг нь хил дамнасан үйлчилгээ худалдааг хөгжүүлэхэд чухал түлхэц болдог. Хоёр дахь нь Хятадын асар том зах зээл юм. 1 тэрбум 400 сая хүн амтай манай улс хэрэглээний бүтцээ сайжруулаад зогсохгүй аж үйлдвэрийн салбартаа өөрчлөлт шинэчлэлт хийсэн нь үйлчилгээ худалдааны импорт экспортын үйл ажиллагаанд томоохон зах зээлийн боломжийг бүрдүүлж өгсөн байна. Гуравдугаарт, Хятадын үйлчилгээний салбарын цар хүрээ байнга өргөжиж байна. Үйлчилгээний салбарын өөрчлөлт, шинэчлэлийн явцад үйлдвэрлэгчийн хариуцлага дагалдан нэмэгдэж байна. Хятад улсын хил дамнасан үйлчилгээ худалдааны цаашдын хөгжил сайхан ирээдүйтэй байгааг эдгээр нөхцөл байдлаас харж болох юм” гэжээ.

Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн ахлах судлаач Жан Яньшэн хэлэхдээ: Цаашид үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг улам ахиулж, үйлчилгээ худалдааны олон улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, худалдааны өндөр чанартай хөгжлийг ахиулах шаардлагатай байна гэжээ.