Линден: Хятадаас өөр ямар ч улс үүнийг ийм сайн хийж чадахгүй
2022-09-01 10:56:12
Share
Share this with Close
youtube WeChat

1980-аад онд Хятадад сурч байснаас аваад өдгөө Юньнань мужийн Дали хотод дэн буудал ажиллуулж байгаа Америкийн иргэн Брайн Линден болон Хятад хоёрын хувь заяа нэгэнт 30 гаруй жил үргэлжлээд байна. Хөдөө тосгонд удаан хугацаагаар суурьшсан Линден Хятадын уулан тосгонд их өөрчлөлт гарч байгааг мэдэрсэн байна. Тэрээр хөдөө орон нутагт оршин амьдрахаар дамжин Хятадын хөгжлийн замыг аажмаар ойлгосон юм. 

Линден бол Юньнань мужийн Дали дахь "Ши Линьюань" зочид буудлын эзэн юм. 

Одоогийн "Ши Линьюань" зочид буудал угтаа бол Бай үндэстний эртний хашаа байшин байсан юм. Харин дээрх хашаа байшин оршин буй Далигийн эртний Шижөү суурин нь нэгэн цагт Лао Шегийн бичсэн мэт "ертөнцийн гаднах тоорын хүрээлэн" байжээ. "Дэмий хол явахгүйгээр Эрхай нуур тааралдаж, цааш жаахан явбал өндөр уулс байдаг." Хөдөө тосгоны ийм дүр зураг нь Линдений нүдэнд бүх дэлхийн хөдөө тосгоны хамгийн үзэсгэлэнтэй дүр төрх болсон байна. 

Тэрээр хэлэхдээ: “би 100 гаруй орноор явж өнгөрсөн, үүнд зөвхөн хөдөө гэлтгүй зарим хотууд ч багтаж байна, харин надад болон манай гэр бүлд хамгийн их таалагдсан нь Хятадын хөдөө орон нутаг байсан байх” гэв. 

2004 онд Линден АНУ дахь ажлаасаа гарч, байшингаа зарж, эхнэр болон хоёр хүүхдээ дагуулан Хятадын Юньнань мужийн Дали хотын Шижөү сууринд амьдрах болжээ. Дөрвөн жилийн дараа Бай үндэстний уламжлалт хуучин хашаа байшинг өөрчлөн байгуулаад одоогийн дэн буудалыг албан ёсоор нээсэн юм, эндээс л дэн буудлын эзэн Линдений Хятад дахь "хөдөө тосгоны мөрөөдөл" эхэлсэн байна. 

Тэрээр хэлэхдээ: “Хятадын хөдөө тосгоны оршин суугчид урагш тэмүүлсэн эерэг, санаачлагатай байдаг. Ажилчид, мужаан гээд тэдний хүүхдүүд үндсэндээ бүгд коллежид сурсан байдаг. Тэгэхээр одоо хөдөө орон нутагт тэдний хэрэгцээ, хүсэл мөрөөдөл нь том хотынхтой адил хөгжин дэвшсэн гэж би боддог” гэжээ. 

Шижөү сууринд арав гаруй жил амьдарсан Линден Хятадын уулан тосгонд асар их өөрчлөлт гарсныг нүдээр үзсэн юм. 2020 оны 7-р сард Юньнань мужийн Дали хотын Бай үндэстний өөртөө засах жөүгийн 11 ядуу суурин цөмөөрөө ядуугаас ангижирсан байна. Ийм алслагдсан бүс нутагт ядуурлыг арилгаж чадсан нь Линдений үзэж байгаагаар "маш гайхалтай" асар том төсөл юм. Түүний үзэж байгаагаар, ядуурлаас ангижруулах нь тосгоны дэд бүтцийг сайжруулж, хөдөөгийн боловсролын чанарыг нэн сайжруулахаас гадна тосгоны иргэдэд хөгжих итгэлийг бий болгох явдал юм. 

Тэрээр хэлэхдээ: “Хятадад би одоогийн засгийн газрыг үнэхээр биширдэг. Тэд бохир ус цэвэрлэх ажлыг сайн хийдэг, тэд Эрхай нуурыг хамгаалдаг, тэд Күн Мин хотоос Дали хүртэлх хурдны төмөр замыг ч зассан байна. Тэд эмнэлэг, сургууль барьж, тосгоны оршин суугчдыг өөрийгөө хөгжүүлэх итгэлтэй болгосон. Тиймээс Хятадын ядуурлаас ангижруулах иймэрхүү бодлогыг бусад улс орон суралцах нь маш зүйтэй хэмээн бодож байна” гэжээ. 

Хятад болон гадаадын жуулчид эртний үзэсгэлэнт Шижөү хот руу хүсэн тэмүүлж, түүнийг хайрлаж байгааг Линен эдгээр жилүүдэд нүдээр үзсэн төдийгүй эндхийн хятад хүмүүс хөгжил хийгээд хамгаалалтын дундаас олсон тэнцвэр, ололт амжилтыг ч өөрийн нүдээр үзсэн юм. 

Хятадын хөдөө тосгонд арав гаруй жил амьдарсан Линден Хятадын талаар өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой байдаг. Тэрээр хэлэхдээ: Хятадын хөгжлийн нууц нь улс төрийн аюулгүй, тогтвортой орчин, тогтвортой хөгжиж буй эдийн засгийн үндэс суурь, мөн хэзээ ч өөрчлөгдөшгүй нээлттэй бодлого зэрэгт оршдог төдийгүй хятад хүн бүрийн эх орноо гэсэн зүрх сэтгэлд байдаг юм гэжээ. 

Олон жилийн турш Линден дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун мянган аялагчдыг Шижөүгийн уудам тариан талбайд авчирч, тэдэнд Хятадын жинхэнэ бодит байдлыг биеэр мэдрэх боломжийг олгосон байна. Мөн тэрээр Хятадад үзсэн, сонссон зүйлсийнхээ талаар нийтлэл бичиж, гадаадад олон нийтийн сүлжээнд нийтэлж, бас ном болгон эмхэтгэсэн байдаг. 

Линден энэ жил 60 нас хүрч байгаа ч түүнд бүтээхийг хүссэн олон зүйл бий. Тэрээр дэн буудлаа илүү сайн ажиллуулж, гадаадын нэн олон жуулчдыг Хятадын хөдөө нутгаар зочлуулахыг хүсч байна. Тэрээр өөрийнхөө тухай болон Хятадын тухай илүү их түүх ярьж, Хятадыг дэлхий нийтээр ойлгохыг хүсч байна. Мөн тэрээр насан туршдаа Хятадад амьдарч, Хятадын илүү их хөгжлийг өөрийн нүдээр харахыг хүсч байгаа юм. 

Тэрээр хэлэхдээ: “1985 онд би Далид анх ирэх үед, Күн Мин хотоос автобусаар 12 цаг явж байж ирсэн. Дараа нь шинэ хурдны зам гарч, ердөө зөвхөн гурван цаг зарцуулах болсон юм, бид үүнийг маш их гайхан шагширч байв. Дараа нь бүр хурдны галт тэрэг гарсан, одоо зөвхөн хоёр цаг л зарцуулах болжээ... Энэ нь бидэнд ирээдүй илүү баян, илүү аз жаргалтай байх болно гэдгийг мэдрүүлж байгаа тул би мэдээж Хятадад үлдэхийг хүсч байна. Мөн Хятад улс боловсрол, хөдөө тосгонд хөрөнгө оруулалт хийж байгааг би харж байна, Тэгэхээр хойч үе маань сайн үндэс суурьтай байх болно. Ирээдүйд Хятад улс хэрхэн өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй ч гэсэн энэ өөрчлөлт надад өөдрөг сэтгэл төрүүлэх нь дамжиггүй юм” гэжээ.