Хятад Индонезийн “Бүс ба зам”-ын хүрээнд хамтарч байгаа бүтээн байгуулалтын томоохон төсөл болох Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын ажилд шинэ ахиц дэвшил гарчээ. Саяхан Хятадад үйлдвэрлэсэн хурдны галт тэрэгний эхний ээлжийн багцыг Жакарта боомтоос Бандунг руу тээвэрлэн хүргэсэн билээ.
Орон нутгийн цагаар есдүгээр сарын 2-нд, Индонезийн Жакарта дахь Танжунг Приок боомтод Хятадаас Индонезид тээвэрлэн хүргэсэн Жакарта-Бандунг чиглэлийн хурдны галт тэрэгний багцыг амжилттай хүлээлгэн өгсөн юм. Жакарта-Бандунг чиглэлийн хурдны галт тэрэгний багц иж бүрэн хяналтынхаа хамтаар Хятадын Чиндао хотоос усан замын тээврээр уг зогсоолд хүрсэн нь энэ.
Хятадаас гадаадад экспортолж буй анхны хурдны галт тэрэг Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замаар зорчих болно. Хятадад үйлдвэрлэсэн энэхүү хурдны галт тэрэгний хамгийн дээд хурд цагт 350 км бөгөөд Хятадын "Сэргэн мандалт" галт тэрэгний технологийг бүрэн ашигласны зэрэгцээ Индонезын орон нутгийн галт тэрэг зорчих орчин, нөхцөл байдалд нийцүүлэн холбогдох өөрчлөлтүүдийг оруулсан, аюулгүй, хурд, тав тухтай байдлыг харгалзсанаараа онцлог юм.
Жакарта-Бандунг чиглэлийн хурдны галт тэрэгний туршилтын хэсгийг G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Зүүн өмнөд Азийн анхны хурдны төмөр зам болох Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын байгуулалтад Хятадын стандартыг бүрэн ашиглажээ. Тухайн төслийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу амжилттай явагдвал, энэ орны G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр туршилтын хэсгийг ашиглалтад хүлээлгэн өгөх боломжтой юм.
Индонезийн нийслэл Жакарта болон дөрөв дэх томоохон хот болох Бандунгийг холбосон Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам нь нийт 142 километрийн урттай, цагт 350 км хурдтай зорчих бөгөөд ашиглалтад бүрэн орсноор, Жакартагаас Бандунг хүрэхэд 40 минут зарцуулдаг болох ажээ. Одоо тус хоёр газрын хооронд 3 цаг зарцуулдаг.
Он гарснаас хойш Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалтын ажил хурдацтай явагдаж, төсөлд 3 тэрбум 882 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн нь нийт гэрээ хэлэлцээрийн 82,6 хувийг эзэлжээ. Зам дэвсэх, гүүр тавих, нүхэн гарцын барилгын ажил 91,8 хувьтай явагдаж, бүх шугамын 13 нүхэн гарцыг холбосноос гадна гүүрийн угсралтын ажил 92,4 хувьтай, станцын барилгын ажил 76,5 хувьтай, зам тавих, цахилгаан ажил зэргийг бүрэн эхлүүлээд байна.
Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын ажлыг гүйцэтгэгч корпорацийн ахлагч Синь Шюежүн, "Тус төмөр замын ажил өндөр чанартай стандартыг ханган баригдаж байгаа хэдий ч G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр туршилтын нээлтийг хийх зорилтоо биелүүлэх төлөвтэй байна" гэжээ.
Дээрх чиглэлийн хурдны төмөр зам Индонезийн эдийн засаг нийгмийн хөгжилд томоохон ахиц үзүүлэх юм.
Индонезид одоо байгаа төмөр замын ихэнх нь 100 жилийн өмнө баригдсан учраас барилга байгууламж нь хуучирч, тээвэрлэлтийн үр ашиг нь ч хангалтгүй болсон юм. Харин уг чиглэлийн хурдны төмөр замын төсөл нь тухайн нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын стандартыг эрс дээшлүүлэн, эдийн засаг нийгмийн хөгжилд түлхэц өгсөн билээ.
Одоо баригдаж байгаа Жакарта-Бандунг хурдны төмөр зам нь тухайн нутгийн иргэдийн амьдралд бодитой өөрчлөлт авчирсан. Краны жолооч Талиа нь Индонезын Бандунг мужийн Жирункаткидур тосгоны иргэн. Тэрээр нутгийнхаа барилга дээр аар саар ажил хийдэг байгаад хоёр жилийн өмнө Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замд ажиллах завшаан олсон байна.
“Энд ажилд ороод шинэ байранд нүүсэн, цалин хөлс маань ч өмнөхөөсөө гурав дахинаар өссөн” гэж Талиа хэлж байлаа.
Өнөөгийн байдлаар, Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалтад Индонезийн орон нутгийн 13 мянган иргэн ажиллаж байгаа бөгөөд тус төслийн үйлчилгээ, худалдан авалтын 75 гаруй хувийг орон нутгаас хангаж байгаа юм. Энэ оны эцсээр уг чиглэлийн хурдны галт тэрэгний орон нутгийн ажилчдыг сургалтад хамруулах хөтөлбөрийг эхлүүлэх бөгөөд төмөр зам бүрэн ашиглалтад орсны дараа Индонезид 30 мянган ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөж байгаа ажээ.
Хятадын хөрөнгө оруулалт нь Индонезийн эдийн засгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх бөгөөд АСЕАН-ы орнуудын хөгжилийг ч дэмжих болно гэж Хятадын хурдны төмөр замын компанийн Индонезын салбарын захирал Дүй Ян-на хэлсэн байна.