Сүүлийн үед Тайваний тухай сэдэв олон нийтийн анхаарлыг ихэд татах болов. Үүнийг далимдуулан Америк тэргүүт өрнийн зарим хэвлэл мэдээлэлд “Тайвань угтаа нь Голланд, Португалийн нутаг байсан. Хятадын нутаг байгаагүй” гэдэг өдөөн хатгалга хийж буй нь ихээхэн болчимгүй санагдаж байна. Иймээс Тайванийн түүхийг урьдаар товчхон дурдъя.
Тайвань арлаас илрүүлсэн археологийн олдвор дахь эртний хүний ясны ДНК-г шинжлэхэд тус арлын уугуул иргэд нь Хятадын эх газрын зүүн өмнөд тэнгисийн эрэг дагуу амьдарч байсан хүмүүс болох нь тогтоогдсоныг Хятадын НШУА-ын Сээр нуруутан амьтныг судлах хүрээлэнгээс хэдийнэ нотолсон билээ. Геологичдын судалгаагаар, Хятадын эх газар Тайвань аралтай эрт дээр үедээ залгаатай байсан байдаг. Хожим нь дэлхийн бөмбөрцгийн царцдасны хөдөлгөөнөөс болж аажмаар салж арал болжээ. Түүхэн бичиг баримтаас харахад, Хятадын эртний гурван улсын үед (манай тооллын 220-280 онд) У улсын хаан Сүнь Чуань Вей Вэнь гэдэг жанжныг илгээн Тайваньд суулгаж байсан байх юм. Манай тооллын 580-аад онд Хятадын эртний Сүй улсын Я Гуан хаан ч мөн Тайваньд цэрэг илгээж суулгаж байв. Тухай үед Тайванийг И Жоу, Лю Чю гэх мэтээр нэрлэж байжээ. Харин Европын далайн аялагчид дөнгөж нийтийн тооллын 15-р зуунд л усан замын аяллаа эхлүүлсэн байдаг.
Өнгөрсөн зууны 70-аад онд Зөвлөлт холбоот улстай хийсэн геополитикийн дайндаа Хятадыг ашиглахын тулд АНУ Хятадтай ойртож эхэлсэн түүхтэй. Тухайн үед Хятад улсын Америкийн өөдөөс сөргүүлж тавьсан болзол нь Тайванийн асуудал байсан юм. Өөрөөр хэлбэл, Хятадын тал Америкуудад нэг Хятадын бодлого баримтлах хатуу болзлыг тулгасан юм. Америк ч үүнийг уриалгахнаар хүлээн авч “Нэг Хятадын бодлого баримтална. Тайваньтай албаны талын харилцаа тогтоохгүй, БНХАУ бол дэлхийд Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар, Тайвань бол Хятадын нэг хэсэг” хэмээн ам дүүрэн зөвшөөрч, гар хөлийн үсгээ зурсан байдаг. Үүний үр дүнд Тайвань НҮБ-аас хөөгдөж, БНХАУ НҮБ-д элсэж байсан нь түүхийн хуудсанд тодхон үлджээ.
1979 онд Хятад Америк албан ёсны дипломат харилцаа тогтоосон юм. Түүнээс хойш Америк Хятадад өгсөн амлалтаа харьцангуй тогтвортой баримталсаар ирсэн боловч сүүлийн жилүүдэд Хятадын хөгжилд Америк нүд нь улайж, атаа нь хөдөлж арааны шүлс нь асгарах болов. Америк аман дээрээ нэг зүйл ярьж, ар хударгаар нь өөр зүйл хийж бэртэгчин зан гаргадаг болсон нь ерөөсөө нууц биш. Ялангуяа сүүлийн үе дэлхий дахинд шуугиан тарьж буй Нэнси Пелосигийн Тайваниар хэсэж доншуучилсан явдал миний дээр ярьсан зүйлийн маш тод жишээ болж буй юм. Нуувч нуруу нь ил, далдлавч дал нь ил зүйлийг нуугаад ч яах юм билээ.
Америкийн тал нэг Хятадын бодлого баримтална. Хятадын дотоод хэрэгт оролцохгүй. Тайванийн хоолойн өнөөгийн байдлыг өөрчлөх бодолгүй байна хэмээн ам дүүрэн ажиггүй бурж буй ч үнэн хэрэгтээ Америк Тайванийн харилцааны хууль, Тайваньд зургаан төрлийн баталгаа хангах тухай төсөл гэгчийг боловсруулсан бөгөөд цаашлаад түүнийгээ Хятадад тулган шахаж байна. Тэд Тайваньд удаа дараа өндөр албаны хүмүүсээ явуулж, зэр зэвсэг нийлүүлж, Тайванийн эх орондоо нэгдэх үйл явцыг цэргийн хүчээр хориглохоор санаархаж, нэг Хятадын бодлогыг өөр янзаар тайлбарлаж, дураараа засан өөрчилж, Хятадын нэгдэлд чөдөр тушаа болж, хоёр эргийн тайван байдлыг алдагдуулж байна. Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэгчийн үлгэр болж байна.
Улс хоорондын харилцаанд ч тэр, жирийн иргэдийн дунд ч тэр итгэл найдвар гэдэг зүйл ямар чухал болохыг хүмүүс надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. 1949 онд БНХАУ байгуулагдсан мөчөөс хойш БНХУ буюу Дундад Иргэн Улс нуран унасан. Байхгүй болсон. Түүнээс хойш дэлхийн дээр ганцхан л Хятад улс үлдсэн. Тэр нь БНХАУ. Ийм энгийн ойлгомжтой логикт эргэлзээд байх зүйл юу байх вэ дээ. Нэг Хятадын зарчим бол Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурь, хоёр орон дипломат харилцаа тогтоосон угтвар нөхцөл, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нийтлэг ойлголт гэж хэлээд буй нь ийм учиртай юм. Америкийн тал Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдэгдэлд хийсэн амлалтаасаа удаа дараа зөрчиж, хэлснээ идэж буй нь нэр хүндийг нь шавхайтай хольж байна. Хэрэв Хятад улс Америкийн Аляск муж юм уу Хавай арлыг Америкийн нутаг дэвсгэр бус, тусдаа бие даасан улс гэвэл Америк бидэнд баярлаад талархаад байхгүй нь мэдээж шүү дээ.
Америк хэзээнээс өөрийгөө дэлхийн хэв журам сахиулагч, цагдаа хэмээн өргөмжилснийг хэн ч мэдэхгүй. Нэг л мэдэхэд Номхон далайн нөгөө үзүүрт том бороохой барьсан эрүүл согтуу нь үл мэдэгдэх нөхөр томроод пээдийдэг болсон байв. Улмаар НҮБ, олон улсын хууль энэ тэрийг ерөөс авч хэлэлцэхээ болив. Дургүй нь хүрэхээрээ дуртай нэгнийгээ бороохойдож, булаан дээрэмдэж, болчимгүй үйлдэл хийдэг болов.
Америкийн зохиолч Уильям Блум “Ардчилал гэгч нь Америкийн хамгийн аюултай экспорт мөн” гэх номдоо, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Америк гадаадын 50 гаруй орны засгийн газрыг нураахаар оролдож, наанадаж 30 орны ардчилсан сонгуульд бүдүүлгээр оролцсон гэжээ. Зөвхөн 2001 онд л гэхэд Америкийн терроризмтой тэмцэх нэрийдлээр дэгдээсэн дайн дажин 800 мянга хүний амь насыг авч одсон байна.
Олон улсын дүрэм ярих дуртай Сэм авга маань 20-р зууны 80-д оноос хойш ЮНЕСКО, Ираны цөмийн хэлэлцээр, Дунд ойр зайн тусгалтай пуужингийн гэрээ, агаараа нээлттэй байлгах гэрээ зэрэг баримт бичгүүдээс ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр бултан гарсан байдаг. Ардчиллыг амнаасаа салгадаггүй Америк ардчиллын нэрээр дэлхий дахинд дайн дажин, ядуурал, өлсгөлөн, өвчин тахал, өнгөт хувьсгал экспортолж, бурхны дүрээр нүгэл үйлддэг болсон нь нууц биш ээ.