Хятадын
Гаалийн ерөнхий газрын 7-ны өдөр нийтэлсэн
тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 8 сард
Хятадын импорт экспортын нийт хэмжээ
27 их наяд 300 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн
оны мөн үеийнхээс 10.1%-иар өссөн байна.
Үүнд экспорт 14.2%, импорт 5.2%-иар өссөн
байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт
удааширч, хилийн чанад дахь эрэлт
хэрэгцээ суларч байгаа нөхцөлд Хятад
улсын гадаад худалдаа эхний 8 сард
тогтвортой өссөн нь хялбар биш юм.
Түүний дотор Хятадын гадаад худалдааны гол хүч болох хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд анхаарал татаж байна. Эхний 8 сард хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт экспортын нийт хэмжээ 13 их наяд 680 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.9%-иар нэмэгдэж, бүх улсын өсөлтийн хурдаас 4.8 пунктээр өндөр байж, Хятадын гадаад худалдааны нийт хэмжээний 50.1%-ийг эзэлжээ. Шинэ бүтээгдэхүүн, шинэ зах зээл, дижиталжих үйл явц, хил дамнасан цахим худалдаа зэрэг шинэ загварууд нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортыг шууд нөлөөлсөн байна.
Үүнээс гадна, Хятадын гадаад худалдааны эрч хүч нь зах зээлийн төлөвлөлтийг олон ургалч болгосонтой шууд холбоотой юм. Энэ оны эхний 8 сард Хятадаас АСЕАН, Европын холбоо, Америк зэрэг худалдааны гол түнш орнуудад хийсэн импорт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс тус бүр 14%, 9.5%, 10.1% өссөн байна. Мөн хугацаанд БНХАУ-аас “Бүс ба зам”-ын дагуух орнуудад хийсэн импорт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 20.2%-иар, RCEP-ийн бусад 14 гишүүн оронтой хийсэн импорт, экспортын хэмжээ 7.5%-аар нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ, Хятадын гадаад худалдааны эрч хүч нь өөрийн давуу талаа нэмэгдүүлж, дэлхийн хэрэгцээг хангахад түшиглэсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар нь мэдэгдэхүйц дээшилсэн байна. Энэ оны эхний долоон сард Хятадын шинэ эрчим хүчний автомашины экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 90 гаруй хувиар нэмэгдсэн байна. Хятадын шинэ эрчим хүчний автомашинууд голчлон Баруун Европ, Зүүн өмнөд Азид экспортлогдож байгааг салбарынхан онцоллоо. Энэ оны зургадугаар сард ЕХ-ны 27 орны байгаль орчны сайд нар 2035 онд ЕХ-нд бензинээр ажилладаг автомашин худалдаалахыг хориглох төлөвлөгөөний талаар нэгдсэн ойлголтод хүрсэн. Энэ нь Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн цаашдын хөгжилд орон зай бий болгоно гэж шинжээчид үзэж байна.
Гадаад худалдаа бол Хятадын эдийн засгийг ажиглах барометр юм. Гадаад нөхцөл байдал ээдрээтэй, хүнд байгаа хэдий ч, Хятадын гадаад худалдаа эхний 8 сард тогтвортой өссөн нь Хятадын эдийн засаг урт хугацаанд сайн байх үндэс суурь өөрчлөгдөөгүй, аж үйлдвэрийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн сүлжээний давуу тал илэрхий хэвээр байгааг харуулж байна. Эдгээр давуу талууд нь эргээд гадаад худалдааны өсөлтөд хүчтэй дэмжлэг үзүүлж, Хятадын гадаад худалдааны тодорхой бус хүчин зүйлийг даван туулах чадварыг нэмэгдүүлж байна. Хятад улс эдийн засгийг тогтворжуулах бодлого, арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлснээр Хятадын гадаад худалдаа тогтвортой өсөлтөө хадгалах нөхцөл бүрдэж байна.