“Бидний танил-ШХАБ”
2022-09-14 16:42:51
Share
Share this with Close
youtube WeChat

Төв Азийн цаст зулай мөнх цаст Памирын уулсын баруун бэлээс эх аван баруун зүг уудам талыг эмжин урсах алдар цуут Амударья мөрний нэг салаа Зеравшан голын эрэгт өнө эртний үлгэр домог, үүх түүхийг бидэнд үлдээсэн үзэсгэлэнт Самарканд хот бол Торгоны замын сувд хэмээгдэн нэрлэгдсээр ирсэн гайхамшигт хот билээ.

Хоёр мянганыг дамжин олон газрын түмэн хэлтний их хөлийн газар болж хөгжсөн их Торгоны замын дунд Ази, Европыг холбох гол уулзвар болж тухай үеийнхээ соёл урлаг, шинжлэх ухаан, худалдаа арилжааны төв болж байсан Самарканд хотод 2022 оны 09-р сарын 15-16-нд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллаг /ШХАБ/-ын XXII удаагийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна.

1996 оноос БНХАУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаад шинээр тусгаар тогтносон Төв Азийн улс орнуудын хооронд хилийн маргаан болон бүс нутгийн аюулгүй байдлыг зохицуулах яриа хэлэлцээний үүрэг гүйцэтгэж байсан механизм 2001 оны 06-р сарын 15-нд албан ёсоор Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон үүсэн байгуулагдсан билээ. Одоогоор тус байгууллага нь 9 гишүүн орон, 3 ажиглагч улс, 9 яриа хэлэлцээний түнштэй болон өргөжиж Ази, Европын газар нутгийн 3/5,гишүүн орнуудын хүн амын тоо 3.4 тэрбум, дэлхийн хүн амын 43%, дэлхийн эдийн засгийн 20% болоод байна.

2021 онд үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойн тэмдэглэсэн ШХАБ-ын энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нилээд олон онцлогтой, дэлхий олон улс орны улс төрчид, олон улсын харилцаа сонирхогч судлаачдын анхаарлын төвд зохион байгуулагдах бололтой.

Нэг. Самарканд:

ШХАБ-ыг үүсгэн байгуулагчдын нэг Узбекстан улс 4 дэх удаагаа дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулах гэж буй бөгөөд энэ удаа өнө эртний өв соёл, түүхийн улбаа бүхий Самарканд хотыг сонгон авч бэлтгэлээ хангаад байгаа нь маш сонирхолтой байна. ШХАБ-ын гишүүн орнуудын хувьд бүгд л ямар нэгэн хэмжээгээр Торгоны замтай холбогдож соёлын солилцоо, худалдаа арилжаа хийж ирсэн түүхтэй билээ.

Хоёр. Иран:

2021 оын 9-р сарын 16-17-нд Душанбе хотод болсон ШХАБ-ын 20 жилийн ойн дээд хэмжээний хүндэтгэлийн уулзалтаар эцэслэн шийдсэн Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг ШХАБ-ын жинхэнэ гишүүн орноор элсэн орох бичиг баримтад гарын үсэг зураг ёслол болно. Иран улс 2005 оноос ажиглагч орон болж тус удалгүй 2008 онд жинхэнэ гишүүнээр элсэн өргөдлөө өгснөөс хойш 13 жилийн дараа ийнхүү ШХАБ-ын жинхэнэ гишүүн болж байна. Иран улс нь Ойрхи дорнодоос хамгийн анх ШХАБ-д элсэн орж байгаа улс бөгөөд 83 сая хүн амтай, цөмийн зэвсэгтэй, дэлхийн 18 дахь том эдийн засаг болж хөгжиж буй Азийн хүчирхэг том улс билээ.

Гурав. Шинэ гишүүн:

ШХАБ-ын гишүүн орноо өргөтгөх үйл явц энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар өрнөх магадлал тун их байгаа нь мөн сонирхол татаж байна. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин 9-р сарын 09 нд ОХУ-ын Тасс агентлагт өгсөн ярилцлагадаа Беларусь улс элсэх өргөдөлөө өгч элсэх үе шатуудаа эхлэсэнийг дурджээ. Зүүн Европын Беларусь улс Төв Азид төвлөрсөн засгийн газар хоорондын улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн томоохон байгууллагын жинхэнэ гишүүнээр элсэх эхний шангаа энэ удаагийн хурлаар татах бололтой. Сүүлийн хэдэн жил өрнөсөн дэлхийн геополитикийн хурдтай өөрчлөгдөж буй нөхцөл байдал Беларусийг улам яаравчлахад хүргэж байна. Беларусь улс болон ШХАБ-ын харилцаанд ОХУ шийдвэрлэх үүрэг рольтой байсаар ирсэний нэг тод илрэл нь 2009 онд Екатеринбург хотод болсон IX дээд хэмжээний уулзалтаар яриа хэлэлцээний түнш болж 2015 онд Уфа хотод болсон XV дээд хэмжээний уулзалтаар ажиглагч орон болон статусаа дээшлүүлсээр иржээ.

Дөрөв. Дээд түвшний хүндэт зочид:  

Энэ удаагийн уулзалтын анхаарлын төвд байх хүндэт зочид бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар байх нь тодорхой билээ. 9-р сарын 7-нд ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Андрей Денисов Франц-пресс агентлагт өгсөн ярилцлагадаа хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үед болохоор товлогдоод байгааг мэдээлжээ. Казакстаны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Айбек Смадияров Спутник агентлагт өгсөн тодруулгадаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 9-р сарын 14-нд тус улсад албан ёсны айлчлал хийх талаар дурджээ. 2020 оны 2-р сард дэгдсэн цар тахлын дараа БНХАУ-ын дарга Ши Жинлпиний хийж буй анхны гадаад айлчлал тэр тусмаа ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтанд оролцох болсон нь дэлхийн олон улс орон анхаарлыг харж байна. 2022 оны 2-р сараас эхэлсэн Орос-Украйны хямрал түүнээс шалтгаалсан АНУ тэргүүтэй улс орнуудын эдийн засгийн хориг, гадаад худалдаа болон экспортын орлогын бууралт зэрэг хүндрэл бэрхшээл дундуур зүтгэж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ удаагийн дээд хэмжээний уулзалтанд онцгой ач холбогдол өгч буй нь мэдээж юм.

Тав. Монгол улс ба ШХАБ:

Монгол Улсын хувьд, ШХАБ бол тус бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд ШХАБ-ын анхны ажиглагч гишүүн болсноос хойш 17 жилийн хугацаанд Монгол Улс уг байгууллагын аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн билээ. Манай улс зөвхөн дээд хэмжээний уулзалтаар төдийгүй, ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд тогтмол оролцсоор ирсэн юм. Мөн ШХАБ дахь Монгол Улсын оролцоо, гишүүнчлэлийн тухай асуудал нь манай улстөрчид, дипломатчид, эрдэмтэн судлаачдын дунд багагүй хугацаанд мэтгэлцээн өрнөж гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд судлаачид ч саналаа нэмэрлэсээр ирсэн. Гэхдээ 2020 онд болсон ШХАБ-ын дээд хэмжээний цахим уулзалтад оролцож үг хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Монгол Улс ШХАБ-ын төлөвшилтийг анхааралтай ажиглан, эдийн засгийн болон хүмүүнлэгийн салбарын практик үйл ажиллагаанд ажиглагчийнхаа байр суурийг хадгалан, идэвхтэй оролцохыг эрмэлзэж байна” гэж онцлон тэмдэглэсэн билээ. Ингэснээр гишүүнчлэлтэй холбоотой манай улсын байр суурь тов тодорхой болсон юм.

Зургаа: Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт:  

Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXII удаагийн дээд хэмжээний уулзалтанд Монгол улсын Ерөнхийөгч У.Хүрэлсүх оролцохоор Самаркандыг зорьж байна. ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалт бол Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болдог нэгэн чухал платформ юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдах болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт нь:

    ● Анхдугаар уулзалт 2014 оны 9-р сарын 11-ний өдөр Тажикстаны Душанбе хотноо,

    ● Хоёрдугаар уулзалт 2015 оны 7-р сарын 9-ний өдөр ОХУ-ын Уфа хотноо,

    ● Гуравдугаар уулзалт 2016 оны 6-р сарын 23-ны өдөр Узбекистаны Ташкент хотноо,

    ● Дөрөвдүгээр уулзалт 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын Чиндао хотноо

    ● Тавдугаар уулзалт 2019 оны 6-р сарын 14-ний өдөр Бишкек хотноо тус тус болжээ.

Энэ удаагийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын Зургадугаар уулзалт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа юм. Цар тахлын улмаас завсарлаад байсан гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт зохион байгуулагдсанаар гурван талын эдийн засаг нийгмийн хүрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд шийдвэрлэх үр дүнтэй билээ. Гурван улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагаа өндөр түвшинд, тогтвортой хөгжиж буй нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж байна.

Энэ удаагийн уулзалтаар талууд гурван улсын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, хил орчмын хамтын ажиллагаагаа дүгнэж, дээрх салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн шинэ шатанд гаргахад чиглэсэн чухал арга хэмжээ болно гэж итгэж байна.

Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойн төслийн хэрэгжилтийн талаар, Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийн хэрэгжилт, Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн үеийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Худалдааг дэмжих хүрээнд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг өргөтгөх гээд манай улсын хувьд нэн чухал шийдэл хүлээсэн олон асуудлууд энэ удаа яригдах байх гэсэн хүлээлттэй байна.

                 —Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү