Ши Жиньпиний Төв Азид хийсэн айлчлалын сонин сайхан
2022-09-16 15:51:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын удирдагч Ши Жиньпин энэ сарын 14-16-нд Төв Азид айлчилж байна. Энэ бол түүний цар тахлаас хойш гадаадад хийж буй анхны айлчлал бөгөөд хамгийн сүүлд тэрбээр 2017 онд л Төв Азид айлчилж байсан юм. Дэлхий дахин цар тахлын бараан сүүдрээс бүрэн гарч чадаагүй буйн дээр, Орос Украины хооронд дайн дэгдэж, Америк тэргүүтэй өрнийн орнууд Оросыг буланд шахаж, Хятадыг өдөөн хатгаж, Хятад Америкийн харилцаанд ноцтой хүндрэл учруулж, дэлхийн геополитикийн байдал урьд байгаагүй сорилттой нүүр тулж буй үед болж байгаагаараа онцлог айлчлал юм. Мөн ХКН-ын 20-р их хурлын өмнөхөн Ши Жиньпин хилийн дээс алхаж буй нь дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж, дэлхий дахинд Хятадын талаар итгэл найдварын эерэг дохио өгч буй нь мэдээжийн хэрэг биз. 

Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байж, дараа нь Оросын нөлөөний бүс гэгдаж байсан Төв Азийн таван оронд сүүлийн жилүүдэд геополитикийн гүн гүнзгий өөрчлөлтүүд гарч буй юм. Ялангуяа энэ оны эхээр Казахстанд их цар хэмжээтэй өнгөт хувьсгалын түймэр шатаж, хөрш орнуудын хөмсөг сормуусыг шатаах шахсан билээ. Ши Жиньпиний айлчлалын үеэр Касым-Жомарт Токаев өөрийн биеэрээ нисэх онгоцны буудалд очиж угтан авсан бөгөөд ерөнхийлөгчийн ордонд хүндэтгэлийн ёслол зохиож, уулзалт хэлэлцээ хийсэн юм. Уулзалт хэлэлцээний явцад Касым-Жомарт Токаев Хятад хэлээр Ши Жиньпинтэй мэндэлж, сайн явж ирэв үү гэж асуухад Ши Жиньпин дэгэн догонгүй амар сайхан явж ирлээ гэж мөн Хятад хэлээр хариулсан байдаг. Дараа нь Касым-Жомарт Токаев Ши Жиньпинийг миний дотнын анд нөхөр хэмээж, Ши Жиньпинийг агуу их Хятадын ард түмний агуу их удирдагч гэж хүндэтгэн нэрлэж, Ши Жиньпиний удирдлага дор Хятадын ард түмэн улам их хөгжин цэцэглэх болтугай гэж хүсэн ерөөж байсан юм. Түүний Казахстанд морилон саатсанд маш их баярлаж буйгаа илэрхийлсэн билээ. Уулзалт хэлэлцээний явцад Касым-Жомарт Токаев Ши Жинпинд “Алтан бүргэд” одон гардуулж, хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд Ши Жиньпиний оруулсан хувь нэмрийг өндөр үнэлсэн байна. Ташрамд хэлэхэд казахуудыг бүргэдчин ард түмэн гэдэг. Тэд бүргэдийг нялх багаас нь гэршүүлж тэжээдэг бөгөөд түүгээрээ ан амьтан агнуулж амьдралаа залгуулдаг уламжлалтай юм. Монголчуудыг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй шиг Казахын ард түмнийг бүргэдгүйгээр төсөөлөхөд бэрх болов уу. Тэд бүргэдийг төрийн сүлдэндээ хүртэл залж, хамгийн дотнын хань нөхрөө хэмээн дотночилж, хүндтэй эрхэм хүндээ “Алтан бүргэд” шагнал гардуулдаг билээ. 

Хятад улсын дарга Ши Жиньпин “Бүс бас зам” санаачилгыг анх 2013 онд Казахстанд айлчлахдаа дэвшүүлж байсан. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Казахстан нь Хятадын Европ, Төв Ази, Ойрх Дорнодод нэвтрэх хамгийн чухал гүүр болж буй юм. Казахстаны Европт нэвтрэх нефтийн хоолойг Оросын тал хаасан нөхцөлд эрчим хүчээ экспортлох шинэ зам суваг хайх бодит хэрэгцээ шаардлага гарч буй нь ч бас ойлгомжтой юм. Хоёр орны хамтын ажиллагааны төсөл 52 төрөлд хүрч, нийт хөрөнгө оруулалт нь 21 тэрбум 200 сая ам долларт хүрч буй юм. Үүнээс гадна хоёр орны мянган мегаваттын салхины хүчний “Жанатасын” цахилгаан станцын төсөл, Шимкентын нефть боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг урагшлуулах шаардлагатай байгаа юм. Хоёр орны худалдааны хэмжээ өдгөө 25 тэрбум ам долларыг давж, хөгжлийнхөө хамгийн сайхан үед ирээд байна.

Ши Жиньпи Казахстанд хийсэн айлчлалаа өндөрлүүлээд Узбекистаны Самарканд хот орж ШХАБ-ын тэргүүн нарын зөвлөлийн 22-р хуралд оролцож буй юм. Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиеев мөн өөрийн биеэрээ нисэх онгоцны буудалд Ши Жиньпинийг угтан авсан бөгөөд түүнд зориулан өргөн цар хүрээтэй ёслолын арга хэмжээ зохиосон юм. Эртний түүхтэй Самарканд хотыг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Хятадын удирдагч тус хотод айлчлахаасаа өмнө Хятад Узбекистан хоёр орон хоёр мянган жилийн уламжлалт түүхтэй гэж хэлж байсан юм. Хятадын эртний баруун Хань улсын У Ди хаан Жан Чян хэмээх элчийг төв Азид илгээж байсан түүх манай тооллын өмнөх 139 онд тохиож буй юм. Хожим нь Юань гүрний үед Узбекистаны уугуул, Тажик гаралтай Гисбадин Шамсудин Омар гэх ноёнтон Юннань мужийн захирагчаар ажиллаж байсан сонин түүх бас гарч ирнэ. Түүгээр ч барахгүй Узбекстаны уугуул, одон орон судлаач, хотон гаралтай У Рү хэмээх эрдэмтэн Мин улсын нийслэл Наньжин хотын одон орон судлах төвийг удирдан ажиллаж байсан түүх бий ажээ. Энэ мэтээр хоёр орны харилцааны эрт эдүгээгийн түүхийг тоочоод баршгүй билээ. 

Хятад улс өдгөө Узбекистаны хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч орон болсон. 2021 оны байдлаар хоёр талын худалдаа 8 тэрбум ам доллараас давж, энэ оны эхний хагаст хоёр талын худалдааны хэмжээ 5 тэрбум гаруй ам долларт хүрч, оны сүүлч болоход 10 тэрбум ам доллар болох төлөвтэй байна. Хятад-Төв Азийн байгалийн хийн дөрвөн хоолой Узбекистаны нутгаар дайран өнгөрч байна. Төв Азийн хамгийн том туннель “Англиан-Пап” хэмээх төмөр замын туннель ашиглалтад орсон билээ. 

ШХАБ явах тутам цар хүрээгээ тэлж өргөжүүлэн, энэ удаад Ираныг албан ёсны гишүүнээр элсүүлж, Беларусь дарааллаа хүлээж, цаашид Саудын Араб, Катар, Египетийг яриа хэлэлцээний түнш орноор элсүүлэхээр болсон. Ингэснээр ШХАБ нь Хятад, Орос, Энэтхэг, Саудын Араб, Иран, Египет зэрэг дэлхийн их гүрнүүдийг оролцуулсан хамгийн өргөн газар нутаг, хамгийн олон хүн амыг хамарсан байгууллага болон өргөжиж буй юм. Үүнд шаралхсан өрнийн банк санхүү, цэргийн зэр зэвсгийн бүлэглэл ШХАБ-ыг дорно дахины НАТО хэмээн гүтгэж байна. Хэрэг дээрээ ШХАБ бол НАТО мэт цэргийн эвсэл огт биш, харин эдийн засаг, аюулгүй байдал, энх тайван хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага болох нь хэн болгонд тодорхой биз ээ. 

Энэ сарын 15-нд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Орос, Монгол гурван орны удирдагчдын зургаа дахь уулзалт боллоо. Уг уулзалтад Хятад улсын дарга Ши Жиньпин, Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин, Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар оролцлоо. Уулзалтаар Ши Жиньпин, гурван талын хамтын ажиллагаа зөв замыг хэлбэрэлтгүй баримталж, улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, харилцан амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэж, ШХАБ-ын хүрээнд сорилтыг хамтран даван туулж, хоорондын худалдааны тооцоог өөрийнхөө мөнгөн тэмдэгтээр хийхийг дэмжихийн зэрэгцээ Орос Монголын банк санхүүгийн байгууллагууд юанийн хил дамнасан тооцооны системд нэгдэн орохыг дэмжиж, бүс нутгийн банк санхүүгийн эрсдэлээс хамгаалах бат бэх хана хэрэм байгуулахыг дэмжихээ гэж илэрхийлсэн байна.