Есдүгээр сарын 19-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хийлээ. Сэтгүүлчид "Өнгөрсөн баасан гарагт Ши Жиньпин дарга Төв Азид хийсэн айлчлалаа өндөрлөлөө. Айлчлалын үеэр Ши Жиньпин ШХАБ-ын Самаркандын дээд хэмжээний уулзалтад оролцож, Казахстан, Узбекистан улсад төрийн айлчлал хийсэн. Энэ удаагийн Ши Жиньпин даргын айлчлалыг стратегийн чухал ач холбогдолтой айлчлал боллоо хэмээн олон улсын шинжээчид санал нэгтэй үзэж байна. Энэ айлчлалын стратегийн ач холбогдол, үр дүнг Хятад улс хэрхэн үнэлж байна вэ" гэсэн асуултад тэрээр хариулав.
Хэвлэлийн төлөөлөгч Мао Нин "Ши Жиньпин даргын Төв Азид хийсэн айлчлалд олон нийт маш их анхаарал хандуулсан. Энэ удаагийн айлчлал онцгой цаг үед болсноороо түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал ач холбогдолтой юм. Айлчлал өндөрлөсний дараа Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И айлчлалын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төв Азийн хоёр оронд 48 цаг саатаж, хоёр талын болон олон талт 30 орчим арга хэмжээнд оролцсон. Бүгд үр дүнтэй, чухал яриа хэлэлцээнүүд байсан. Энэ удаагийн айлчлал Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг хөгжлийн шинэ шатанд гаргаж, Хятад улсын гадаад харилцааг шинэ түвшинд хүргэхэд түлхэц үзүүллээ" гэжээ.