Европын улс орнуудад эрчим хүчний хямрал үүссэний улмаас уламжлалт халаалтын систем болох түлээ түлшний хэрэглээ эрс нэмэгдэж, Европын олон оронд мод ховор зүйлийн нэг болоод байна хэмээн саяхан "Вашингтон пост" сонин мэдээлжээ.
Тус мэдээлэлд дурдсанаар, Европын зарим хэрэглэгчид зуны эхэн сараас эхлэн өвлийн халаалтанд зориулан түлээ нөөцөлж эхэлсэн нь тухайн бүс нутагт модны үнийг өсөхөд хүргэжээ. Унгарт түлээний үнэ бараг хоёр дахин нэмэгджээ. ХБНГУ-ын Штутгарт хотод ч хууль бусаар мод бэлтгэх, хулгайлах явдал ихэсчээ. Берлин хотод маш олон айл өрх өвлийн халаалт болон эрчим хүчний өртөг цаашид нэмэгдэхээс болгоомжилж, өвлийн халаалт болон хоол ундаа хийх зорилгоор мод нөөцөлж, задгай зуух болон яндангаа цэвэрлэж эхэлжээ.
Европын зарим орны ойд хангалттай хэмжээний модны нөөц бий ч гэсэн тэдгээрийг түлээ болохоос нь өмнө тайрч бэлтгэж удаан хугацаанд хатаах шаардлагатай. Тиймээс их хэмжээний түлээг одоогоор нийлүүлэх боломжгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.