Дэлхийн хамгийн том усан санг Катарын цөлд байгуулж байна
2022-09-22 10:45:08
Share
Share this with Close
youtube WeChat

Персийн булан дахь Катар улс нь цөлийн халуун бүсийн уур амьсгалтай. Тус улс ус мөрөнгүй, жилд дунджаар 100 мм орчим хур тунадас ордог, ус нь газрын тосноос илүү үнэтэй орон юм. 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний усан хангамжийг шийдэх зорилгоор Катар улс элсэн цөлд дэлхийн хамгийн том ундны усны 15 байгууламжийг барьж байгаа бөгөөд тэдгээрийн заримыг нь Хятадын компани гүйцэтгэж байна. 

Катарын нийслэл Дохагаас 70 орчим километрийн зайд орших Ова хэмээх жижиг хотын ойролцоох элсэн цөлд усан сангийн төслийн байгууламжууд баригдаж байна. Энэ бол Катарын усан хангамжийн стратегийн төслийн нэг хэсэг юм. Далайн усыг давсгүйжүүлэх, ус хуримтлуулах, нийлүүлэх, түгээх төслүүдийг нэгтгэсэн энэхүү цогцолбор нь 2015 оны дөрөвдүгээр сард албан ёсоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд Катарын таван нутагт 15 супер усан сан байгуулах зорилготой юм. Эдгээрээс хоёр усан сан, даралтат насосны станц, усны чанарын хяналтын төв, генераторын өрөө, шугам хоолой зэрэг туслах төслүүдийг Хятадын Гэжөүба групп хариуцан барьжээ.

Гэжөүба группийн Катар дахь усан сангийн төслийн хариуцлагатан Ван Шаохуа хэлэхдээ,"Энэ нь 305 метр урт, 150 метр өргөн, 11.3 метр өндөр бөгөөд тухайлсан багтаамжаараа дэлхийд хамгийн том усан сан юм. Төлөвлөсөн нөөц нь 500 мянган шоо метр орчим бөгөөд өдөрт хоёр сая хүнийг усаар хангах боломжтой. Байгууламжууд ашиглалтад орсны дараа Катарын усан хангамжийн хүчин чадлыг ихээхэн нэмэгдүүлэх бөгөөд энэ нь стратегийн чухал ач холбогдолтой гэдэг нь тодорхой. Катар дахь бусад усны эх үүсвэр тасарсан онцгой нөхцөл байдалд Катарын ундны усны хэрэглээг долоо хоногийн турш баталгаатай даах боломжтой".

Хятадын компанийн хариуцаж байгаа төсөл нь Доха болон аж үйлдвэрийн гол бааз Умм Саид хоёр том хотыг усаар хангах бөгөөд энэ нь нутгийн иргэд, түүнчлэн хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний үеэр тус оронд ирэх нэг сая гаруй жуулчдын ундны усны чухал баталгаа юм. Цөлийн гүнд ийм том байгууламжийг барьж босгоход ямархуу хүндрэлтэй нь илт төсөөлөгдөх бөгөөд цаг уурын нөхцөл нь ч сорилтоор дүүрэн юм. Катар бол халуун, хуурай, хүчтэй салхи, элсэн шуурга, нарны гэрэл хурц тусдаг нутаг. Жил бүрийн талаас илүү хугацаа нь хэт халуун өдрүүд бөгөөд цөлийн гүн дахь салхины хурд нь ямагт өндөр байдаг. Цаг агаарын иймэрхүү эрс тэс нөхцөл нь барилгын технологийн онцгой шалгуур болдог.

Ван Шаохуа хэлэхдээ,"Бид Ойрхи Дорнодод усан сан барьсан ажлын туршлагатай. Үүний зэрэгцээ манай барилгын дэвшилтэт технологи олон улсын стандартад хүрсэн учраас энэ төслийн тендерт шалгарсан. Барилгын ажлын явцад бид маш олон бэрхшээлтэй тулгарсан. Тухайлбал, өндөр температуртай цөлийн бүс нутагт бетон цутгах асуудлыг технологийн ололт амжилтаар шийдвэрлэж чадсан юм. Бетоны хольцны харьцааг тохируулснаар өндөр температуртай бүс нутагт хуурай, халуун уур амьсгалд дасан зохицох бетоны асуудлыг шийдвэрлээд зогсохгүй бидний технологийн түвшин ч дагаад дээшилжээ".

Дэвшилтэт технологийг ашигласнаар барилгын ажлын цагийг богиносгож, чанарыг баталгаажуулсаны зэрэгцээ зардлыг ихээр хэмнэж чадсан юм. Түүнчлэн орон нутгийн инженерийн стандарт, ажлын шат дараалалтай илүү сайн уялдахын тулд Катарын нөхцлийг сайн мэддэг гадаадын мэргэжилтнүүдийг урьж, ажилчдын чадавхийг өндөр түвшинд бэлтгэсэн байна.

Тус төслийн Хүний нөөцийн менежер Маулви Фарук энэ талаар гүнзгий сэтгэгдэлтэй байлаа."Би Катарын усан сангийн төслийн тендерт хүний нөөцийн ахлахаас эхлээд туслах, ажилтан, хүний нөөцийн менежер хүртэл таван жил гаруй ажилласан. Хүний нөөцийн бүхий л ажилд нь оролцсон гэж хэлж болно. Уг төслөөр орон нутгийн болон гуравдагч орны хүмүүст 3000 гаруй ажлын байрыг буй болгож, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгсөн нь миний бахархал юм”.

Уг төсөлд оролцсон гадаадын олон ажилчид ажлын ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ энэхүү том бүтээн байгуулалтын орчинд халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, хятад ажилчидтай дотносон нөхөрлөжээ.

Египетийн ахлах механик инженер Хади Сиддики хэлэхдээ,"Энд ажилласан нь миний хувьд туршлага хуримтлуулах гайхалтай үйл явц юм. Би олон хятад найз нөхөдтэй болсон. Тэднээс би хятадуудын ажлын онцлог, тэдний хариуцлагын тогтолцоог асар сайн ойлгосон юм. Хятадын хурдацтай хөгжлийг системийн энэ давуу талтай нь би холбож бодож байна. Тэдэнтэй хамтран ажилласнаар маш олон зүйлийг олж мэдсэн. Бас шинэ соёл, шинэ туршлагатай танилцсан. 2019 онд би тухайн төслийн шилдэг ажилтнаар шалгарч Хятадад айлчилсан. Хятадад бүх зүйл маш үзэсгэлэнтэй, надад гайхамшигтай мэдрэмж үлдсэн".

Одоогоор тус төсөл дээрх Хятадын компанийн барилгын ажил үндсэндээ дуусч, эцсийн хяналт шалгалтын шатандаа ороод байна. Катарын тал Хятадын барилгын чанарт сэтгэл хангалуун байгаагаа олон удаа илэрхийлсэн юм. Төслийн барилгын газрын менежер Калиса Лингам хэлэхдээ,"Энэ бол Катарын усны нөөцийн хамгийн чухал байгууламж бөгөөд дэлхийн хамгийн том усан сангийн төсөл юм. Бид Катарын таван нутагт барилгын ажлаа эхлүүлсэний дотор Хятадын аж ахуйн нэгжийн хариуцаж байгаа ажлын хурд, чанар бусдыгаа манлайлж, чанарын бүх шалгалтыг амжилттай давсан. Миний бодлоор Хятадын компаниуд хамгийн шилдэг нь юм".