Украинд байдал хурцадсанаас хойшхи хамгийн том хэмжээний хэлцэл болох Украин, Оросын хооронд хоригдол солилцох ажиллагаа амжилттай болсон талаар Украйны эх сурвалжийг иш татан Синьхуа агентлаг өчигдөр мэдээллээ.
Энэ сарын 22-ны өглөө Украины хоригдлуудын солилцооны асуудал хариуцсан Оросын байгууллага албан ёсны цахим хуудсандаа "21-ний өдөр хоригдлуудыг солилцох ажиллагааны үеэр Орос Украины хэд хэдэн командлагч, гадаадын 10 иргэн, Украины 215 хоригдлыг сулласан" гэж мэдэгдэв. Үүний хариуд Украин Оросын талыг баримтлагч сөрөг хүчний удирдагч Виктор Медвечук болон 55 хоригдлыг сулласнаа Украйн мөн мэдэгджээ.
Энэ сарын 21-ний өдөр Сергей Лавров Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Барууныхан Украинд цэргийн бүтээн байгуулалт хийж, газар нутгийг нь Оросыг хязгаарлах гарц болгон өөрчилж байгаа нь биднийг цэргийн тусгай ажиллагаа явуулахаас өөр сонголтгүй болгосон гэж онцлон тэмдэглэсэн талаар ОХУ-ын ГХЯ-ны цахим хуудсанд нийтэлжээ. Цэргийн тусгай ажиллагааны зорилго нь Донбассын бүс нутгийн оршин суугчдыг хамгаалах, ОХУ-ын аюулгүй байдлын заналхийллыг арилгах, Украиныг цэрэггүйжүүлэх, нацизмыг цуцлах явдал, хэчнээн хугацаа шаардагдахаас үл хамааран эдгээр зорилгодоо хүрэх болно гэж тэрээр онцолжээ.
"Өнөөдрийн Орос" мэдээний агентлаг энэ сарын 22-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Сергеевич Песковын хэлснийг иш татан тэмдэглэхдээ, "Орос хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласан нь цэргийн тусгай ажиллагааны мөн чанарыг өөрчлөхгүй. Орос улс яг үнэндээ НАТО-гийн эсрэг тэмцэж байгаа учраас ийм алхам хийж байна гэжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 21-ний өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Украины тал эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авах төлөвлөгөөгөө цуцлахгүй. Төлөвлөгөөний дагуу шат дараалалтай ажиллах болно. Украин улс эцэст нь газар нутгаа эргүүлэн авна гэдэгтээ итгэлтэй байна. Мөн Украин аюул заналхийлэлд буулт хийхгүй" гэж мэдэгджээ.