Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян өчигдөр Жүннаньхайд Японы эдийн засгийн салбарын төлөөлөгчидтэй өндөр түвшний видео уулзалт хийлээ. Японы эдийн засгийн нэгдсэн холбоо, Япон-Хятадын эдийн засгийн нийгэмлэг, Япон-Хятадын хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагын хариуцлагатнууд болон Японы бизнесийн салбарын төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцов. Ли Кэчян тэдэнтэй Хятад Японы харилцаа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засаг, санхүүгийн сорилт, цаг уурын өөрчлөлт, өвчлөл хөгшрөлт зэрэг өргөн хүрээний сэдвээр яриа өрнүүлж санал бодлоо солилцсон байна.
Ли Кэчян хэлэхдээ, “Хэдхэн хоногийн дараа Хятад Японы дипломат харилцаа хэвийн болсны 50 жилийн ой тохионо. Хятад, Япон бол чухал хөршүүд бөгөөд дэлхийн хоёр, гурав дахь том эдийн засгийн цогц юм. Хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжих нь хоёр талын ашиг сонирхолд нийцэх бөгөөд хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээх төдийгүй бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд тустай юм” гэжээ.
“Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь Хятад, Японы харилцааны тулгуур зарчим байсаар ирсэн. Хятад, Японы эдийн засаг аль давуу талаараа бие биенээ нөхөж, сүүлийн жилүүдэд хоёр талын худалдаа түүхэн дээд амжилт тогтоож, худалдааны хэмжээ 2021 онд 370 тэрбум ам.доллараас давсан нь хоёр орны хамтын ажиллагааны уян хатан чанар, нөөц бололцоо байгааг харуулсан юм. Япон улстай бүх талаар олон салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллахад Хятадын тал бэлэн байна. Мөн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцаанд хэлэлцээрийг сайтар ашиглахад Хятад улс бэлэн байгаа бөгөөд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийсэн нөхцөлд Хятад Япон хооронд шууд нислэгийг нэмэгдүүлж, хоёр орны иргэдийн харилцааг цаашид дэмжих болно" гэж Ли Кэчян онцолжээ.