Хятадын эдийн засаг сорилтыг амжилттай туулсаар байна
2022-09-23 10:17:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс он гарснаас хойш дахин цар тахлын нөлөөнд өртсөн. Үүний улмаас халдвар хамгааллын хатуу бодлого хэрэгжүүлж, энэ нь эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй тул шууд халдвар тэглэх бодлого явуулж, амжилттай  тэглэж чадсан газруудын үйлдвэрлэлийг даруй сэргээж байгаа юм. 2020 онд халдвар дэгдсэнээс хойш энэ бодлого үр ашигтай болохыг практик гэрчилсээр ирсэн билээ. Харин дэлхийн зарим улс орнууд хүний амь нас хохирч эрсдэхийг үл тоож нийтээр нь сүргийн дархлаа тогтоохоор оролдож байна. Дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлдэг, бүс нутгийн хөгжлийн тэнцвэр султай Хятад улсад сүргийн дархлааны бодлого тохиромжгүй гэдэг нь бодит байдалд хийсэн үнэлгээ дүгнэлтээр нэгэнт тодорхой болсон юм.


9-р сарын 19, Хятад-АСЕАН-ын 19-р яармаг олон нийтэд нээлттэй өдөрлөг зохиолоо

Омикроны давалгаа ахин дахин идэвхжиж буй энэ онд Хятад улс нэг талаар халдвар тэглэж нөгөө талаар эдийн засгаа сэргээх, ялангуяа импорт экспортыг эрчимжүүлэх, хэрэглээг тэлэх арга хэмжээ хэрэгжүүлсээр ирсэн юм. Тухайлбал, он гарснаас хойш Гуанжөүгийн яармаг, Олон улсын хөрөнгө оруулалт худалдааны яармаг, Олон улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспо, Олон улсын үйлчилгээ худалдааны яармаг, Дэлхийн ухаалаг технологийн чуулга уулзалт, Дэлхийн тэргүүний боловсруулах үйлдвэрлэлийн салбарын чуулган зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулсан билээ. Мөн саяхан Хятад АСЕАН-ны экспо болж, өдгөө Үрэмч хотод Хятад-Ази Европын яармагийг хийж буй юм. Эдгээр нь бүгд импорт экспортыг эрчимжүүлж, гадаад орнуудтай зах зээлийн хэлхээ холбоогоо нягтруулж, эдийн засгаа тэлэх зорилготой арга хэмжээ юм. Эдгээр томоохон эвэнтүүд нь бараа таваар, хөрөнгө мөнгө, мэдээллийг солилцож, худалдааны эргэлтийг түргэсгэж, инновац технологийн шинэ өрнөлийг авчирч буй нь дамжиггүй.

Орос Украины дайн нь цар тахлын хажуугаар дажин болж, хаа сайгүй эрчим хүч, хүнсний үнэ өсөж, инфляц хөөргөдөж, дэлхийн эдийн засгийг тэр чигт нь бараан сүүдэр нөмөрлөө. Зарим улс орон хүйтэн дайны сэтгэхүйгээр асуудалд хандаж, явцуу хүрээндээ бусад орнуудыг тусгаарлах өндөр хана хэрэм босгож, дэлхийн худалдаа хөрөнгө оруулалтын орчныг санаатайгаар эмх замбараагүй болгож, дэлхийн эдийн засгийн эргэлтэд зориудын саад учруулж байна. Ийм хүндхэн цаг үед Хятад улс өргөн далайцтай, олон улсын экспонууд зохион байгуулсаар буй нь үнэхээр гайхалтай. Энэ нь олон орны ард түмний харилцан ашигтай хамтын ажиллагааны эрэлтэд нийцэж, хамтаар хөгжих чиг хандлагыг дэмжиж, дэлхийн бизнесменүүдэд Хятадын асар том зах зээлийг нээлттэй болгож өгсөн юм.


9-р сарын 19, Шиньжяны олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд, Хятад-Ази Европын 7-р үзэсгэлэн яармаг 

Хэрэглээг тэлэх зорилготой эдгээр томоохон арга хэмжээний ар талд 1 тэрбум 400 сая хүн, 400 сая дунд орлоготой хүн амтай асар том зах зээл байгаа юм. Статистикт дурдсанаар, 2021 онд Хятадын ард иргэдийн зөвхөн ахуйн хэрэглээндээ үрсэн зардал улсынхаа эдийн засгийн өсөлтөд нийт 65.4 хувийн нэмэр оруулж, 2012 онтой харьцуулахад энэ үзүүлэлт 10 нэгжээр өссөн нь эдийн засгийг сайжруулахад ихээхэн түлхэц болжээ. Дижитал эдийн засаг, ухаалаг техник, ногоон үйлдвэрлэл, нүүрсхүчил багатай хөгжил нь хэрэглээний өсөлтийн хэлбэрийг цаашид шинэчилж, зах зээлийн далд нөөцийг илрүүлсэн юм. Энэ нь олон орны аж ахуйн нэгжүүдэд маш их ашгаа өгч буй. Германы эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн наймдугаар сард нийтэлсэн шалгалтын дүнд харуулснаар, Хятадын зах зээл асар их татах хүчтэй байж, бид түүнээс салахын аргагүй болсон юм гэжээ.

Тэгвэл Хятадын энэхүү эрч хүч хаанаас ундарч байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ нь сорилтоор дүүрэн олон улсын өнөөгийн байдалд үнэхээр хариулт нэхсэн асуулт юм. Шууд хариулт нь Хятадын гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн амжилттай хэрэгжилт гэж хэлж болно. Бизнесийн орчин сайжирч гадаадын хөрөнгө оруулагчдад өөрийн улсынхтай адил тэгш хандах бодлого хэрэгжүүлсэн нь дээр дурдсан бүх амжилтуудын суурь болсон юм. Нөгөө талаар, Хятад улс олон газарт худалдааны чөлөөт бүс байгуулсан нь гадаадын бизнес эрхлэгчид хөрөнгөө өсгөж үйлдвэр байгуулахад нь таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Үндэсний статистикийн газрын тоо баримтад дурдсанаар, 2013-2021 онд Хятадын ДНБ жилд дунджаар 6.6 хувь нэмэгдсэн нь мөн үеийн дэлхийн дундаж төвшнөөс өндөр байж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд дунджаар 30 хувийн хувь нэмэр оруулж тэргүүлсэн юм. Энэ нь аж үйлдвэрийн бүрэн бүтэн системтэй, хүн хүчний боловсрол өндөртэй, дэд бүтэц хөгжсөн, дотоод гадаадын асар том зах зээлтэй байсных билээ.