2022 оны 9 дүгээр сарын 26–30-ны хооронд Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Хятад Монголын найрамдлын долоон хоног” арга хэмжээний хүрээнд Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэг, БНХАУ-ын Бээжингийн Хэлний Их Сургууль, Хятадын “Фэниск” хэвлэлийн газар хамтран ажиллаж, монгол хэлээр хөрвүүлж хэвлүүлсэн “Хятадын соёлын мэдлэгийн толь” бүтээлийн монгол хэвлэлийн нээлтийн ёслол 27-ны үдэд Монгол Улсын Гадаад Харилцааны Яаманд боллоо.
Нээлтийн ёслолд Монгол Хятадын Найрамдлын Нийгэмлэгийг тэргүүн Г.Батсүх, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл, Хятад улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Чэнь Шуан, Монгол Улсаас БНХАУ-д сууж байсан элчин сайд нар болон Монгол Улсын хятад судлаач, орчуулагч, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид зэрэг 60 гаруй хүн оролцжээ.
“Хятадын соёлын мэдлэгийн толь” бүтээлийн орчуулгыг Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, М.Чимэдцэеэгийн ахалсан судлаач, орчуулагчдын баг амжилттай хийж гүйцэтгэсэн юм.
Хятад Монгол хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа улам бүр бэхжин хөгжиж буй энэ цаг үед хоёр орны ард түмний харилцан танин мэдэхүй, харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндэтгэлийн түвшин цаашид өсөн нэмэгдэхэд энэхүү нийт 6 бүлгээс бүрдсэн иж бүрэн тайлбар толь чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа уг толийн монгол орчуулгын ерөнхий редактор М.Чимэдцэеэ тэмдэглэжээ.
Уг бүтээл нь Хятадын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл иргэншил, урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны тухай ойлголт, мэдлэгийг баяжуулахад хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй бөгөөд Хятад Монгол хоёр улс хоорондын ардын дипломат үйл ажиллагаа, хүмүүнлэгийн олон талт хамтын ажиллагаа цаашид улам өргөжихөд зохих тус дөхөм үзүүлж, Монгол Улсад Хятад судлал дорвитой хөгжихөд эрдэм шинжилгээ, судалгааны нэн чухал эх сурвалж болох нь эргэлзээгүй юм.
/Сэтгүүлч О.Дарамбазар/