Хятад улстай хөршилдөг 14 орны дотроос хуурай газраар холбогдож буй хамгийн урт буюу 4700 гаруй километр хилийн шугамтай нь Монгол улс юм. Газарзүйн энэ онцлог нь Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааны таатай нөхцөл болж, хоёр орны харилцааны хөгжилд асар их боломж олгосон билээ. Тэр дундаа хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцаа мартагдашгүй олон түүхийг бичиглэсэн байдаг.
2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Улаанбаатарт газардах үеэрээ Ши Жиньпин дарга, "Монгол улсад хийх энэхүү төрийн айлчлал миний хувьд төрөл төрөгсөдтэйгээ уулзах мэт дотно айлчлал байх болно" гэсэн юм. "Төрөл төрөгсөдтэйгээ уулзах" гэх хэллэг нь хөршийн хоорондох найрамдалт харилцааг тодорхой илэрхийлсэн. Хоёр өдрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн хамтарсан тунхагт гарын үсэг зурж, Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгож ахиулсанаа зарласан юм. Ши Жиньпин дарга Монгол улсын Засгийн газар, Их хурлын удирлагуудтай уулзаж, Монгол Улсын Их хурал дээр илтгэл тавьж, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэггийн болон соёлын арга хэмжээнд оролцож, баялаг үр дүнтэй айлчлал хийсэн юм.
"Алтаар сольшгүй сайн хөрш". Ши Жиньпин Монгол Улсын их хуралд тавьсан илтгэлдээ хөршийнхөө тухай үзэл баримтлалыг энэ үгээр үлгэрлэн хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, "Хятад бол дэлхийн хамгийн олон хөрштэй орон бөгөөд энэ нь Хятад улсын хувьд эрхэм үнэт зүйл юм. Хятад улс энх тайванч хөгжлийн замаар гуйвшгүй замнахын зэрэгцээ бусад улс орнуудтай хамтран энх тайвны хөгжилд тус дэмжлэг үзүүлэх болно" гэжээ.
30 мянган хонины түүх хоёр орны найрамдлын түүхэнд мартагдашгүй үйл явдал болсон билээ. 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу Монголын сар шинийн баярын дараахан Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Бээжинд гэнэт айлчилсан. Тэрбээр ковидын үеэр Хятад улсад айлчилсан гадаадын анхны төрийн тэргүүн болсон юм.
Халтмаагийн Баттулга Монгол улсын ард түмний нэрийн өмнөөс Хятад улсад 30 мянган хонь хандивласан. Халуун хошуут малаа хамгийн хүндтэй зочиндоо бэлэглэдэг нь монголчуудын уламжлал заншил билээ. Монголчуудын өгөөмөр халуун сэтгэлийн хариуд Хүбэй мужийнхан нутгийн брэнд болох хэвийн цайг бэлэг болгон барьсанаас гадна халдвар хамгааллын эд материалууд хандивласан билээ.
"Дэм дэмдээ, дээс эрчимдээ" гэдэгчлэн, цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр улс зовлон жаргалаа хуваалцан, бие биедээ тусалж, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг тод харуулж, Хятад, Монгол хоёр орны гүн зузаан найрамдлын шинэ хуудсыг бичиглэсэн юм.