ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятад улсын бүс нутгийг зохицонгуй хөгжүүлэх, хөдөө тосгоны хөгжлийг түргэтгэх стратеги гүнзгийрэн ахиж, эдийн засгийн хөгжлийн тэнцвэртэй, зохицолтой, тогтвортой чанар илэрхий эрчимжсэн юм. Хятад улсад олон жил амьдарсан гадаадын хүмүүст тус улсын хотуудын хурдацтай хөгжлөөс гадна алхам тутамд сэргэн хөгжиж байгаа инновацилаг аж үйлдвэрлэл, амьдралын чанар, экологийн орчин сайтай үзэсгэлэнт хөдөө тосгод гүн сэтгэгдэл төрүүлжээ.
Хятад улсын Гүйжөү мужийн Рүнжян сяний Саньжян сууринд налгар намар саатаж, тойд модноосоо элбэг жимс хураахаар шамдах нутгийн оршин суугчид зав чөлөөгүй ажиллацгааж байлаа. Таван жилийн өмнө энд ирж байсан Америк иргэн Иошуа Доминик ядуу хоцрогдмол мөнөөх тосгоны хөгжин дэгжсэн шинэ өөрчлөлтийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй.
“Иошуа Доминик: -Та энэ ажлаа олон жил хийж байна уу? Өмнө нь өөр ажил хийж байсан уу?
Тосгоны иргэн: -Энийг хийгээд хоёр жил болж байна. Өмнө нь би нутгаасаа гадагш гарч хөлсний ажил хийж байсан. Харин одоо орчин нөхцөл сайжирч, бодлого ч улам сайн болсон.
Иошуа Доминик: -Ёстой дажгүй ажил байна. Хүний нутагт явж ажил хөдөлмөр хийдэг байсан боловч нутагтаа буцан ирснийхээ дараа ийм сайхан ажилтай, өөрийн гэр нутагтаа багагүй орлоготой болно гэдэг тун сайн хэрэг.
Тосгоны иргэн: -Нөхцөл ер нь их сайн болсон. Улс орон даяар хөдөө тосгоныг хөгжүүлж, бидэнд ихээхэн сайн боломж гаргаж өгсөн. Иймээс бид нутагтаа ирж ажил үйлс эрхэлж байна. Маш олон төслүүд хэрэгжиж байгаа тул бид түүнд нь оролцож хийж бүтээе гэж зорьсон. Ноднин манай тариалалт харьцангуй бага байсан. Энэ онд нэлээд өргөжүүлсэн. Хойшид улам тэлж үргэлжлүүлэн сайжруулъя гэж бодож байна.
Иошуа Доминик: -Танд ажил үйлсийн өндөр амжилт хүсье.”
Сүүлийн жилүүдэд Зэнь Лэн тосгон нөөц баялгийн давуу талаа түшиглэн хүнсний мөөг, тойд модны жимс тариалах зэргээр өвөрмөц үйлдвэрлэлийг хөгжүүлэн, амьдрал ядуу ард олныхоо орлогыг нэмэгдүүлжээ.
2020 онд Хятадын Гүйжөү мужийн ядуу 66 сянь бүгд "Ядуу" хэмээх тодотголоо халж, 9 сая 230 мянган ядуу хүн амын амьдрал өөдлөн баталгаажиж, 1 сая 920 мянган хүн ард уулын гүнээс амьдрах орчин нөхцөл сайтай бүсэд шилжин суурьшсан байна. Тухайн нутгийн ядуурлыг бууруулсан туршлага амжилт нь Хятад улсын ядуурлыг бууруулсан гайхамшгийн чухал нэгэн хэсэг юм. Америк эр Иошуа Доминик энэ намар Гүйжөү мужаар аялан танилцсан бөгөөд эндэхийн ядуурлыг бууруулсан амжилт түүнд гүн сэтгэгдэл төрүүлжээ.
Тэрээр хэлэхдээ: “Дэд бүтцийн хувьд, тухайлбал Гүйжөү гүүр, Гүйжөүгийн туннел зам зэрэг дэд бүтцийг маш олноор, маш сайн бүтээн байгуулсан бөгөөд хурдны төмөр зам хүртэл нэвтэрсэн нь хамгийн томоохон өөрчлөлт байлаа. Өмнө нь би анх ирж байхдаа жижиг автобусанд суугаад энэ уулархаг бүсээр аялахад удаан, замдаа бас нэлээд ядарч байсан. Тухайн нутгийн хүмүүс тосгоноос гараад явганаар зам туулдаг байсан. Эдүгээ хурдны төмөр зам, хурдны авто зам тавигдаж, тосгон болгонд авто замын систем нэвтэрсэн нь үнэхээр зүүд шиг гайхалтай өөрчлөлт юм” гэжээ.
Хятад улсад амьдарч буй Английн иргэн Мичел Крок хар багаасаа л хөдөө тосгонд дурладаг, тийшээ байнга очих дуртай хүн юм. “Хятад улс шиг ийм том гүрэн хэдэн зуун сая ядуу хүн ардыг ядуурлаас ангижруулж чадсан нь өөрөө дэлхийн гайхамшиг. Түүнчлэн эдүгээ Хятад улсын хөдөө тосгоны аж үйлдвэрлэл өрнүүн хөгжиж, байгаль орчноо ч үзэсгэлэн төгс болгов” хэмээн ярьсан юм.
Тэрээр хэлэхдээ: “Жишээ нь, би Сычуань мужийн баруун хэсгийн Я Аний Хань Юань сяньд очсон. Тэндэхийн усны нөөц маш баялаг. Тухайн нутгийнхан усаа боон далан барьж, түүгээрээ цахилгаан гаргаж байна. Хэдхэн хоногийн өмнө мэдээллээс харахад Хятад улс тэнд өндөр хүчин чадалтай, цахилгаан дамжуулах нэгэн төслийн барилга байгууламжийг барьж, ядуу, уулархаг бүсээс усны эрчим хүчийг ашиглан гаргасан цахилгааныг төвийн бүс нутаг руу дамжуулж байгаа юм байна. Энэ нь тунгалаг ус хөхөмдөг уулсыг алт, мөнгөн уулс шиг ашиг тустай болгож чадсан явдал юм” гэжээ.
Сүүлийн арван жилд Хятад улсын суурин тосгонууд ядуурлыг бууруулж, хөгжиж дэвшин, хотууд бүр ч ихээр цэцэглэн хөгжив. Хайнань мужийн Хайкөү хотод кафе ажиллуулдаг Филиппин иргэн Лане гэргий нөхөр хоёр бол Хятад улсад арав гаруй жил амьдрах хугацаандаа тус хотын хөгжлийг нүдээрээ харж мэдэрчээ. “Хотуудын дэд бүтцийн бүтээн байгуулалт, ложистик түүнд кафегаа ажиллуулахад нь дөхөм дөт нөхцөл бүрдүүлж өгсөн бөгөөд тасралтгүй даяаршиж буй хотын уур амьсгал нь гадаадын иргэд Хятад улсад ирж бизнес эрхлэхэд найрсаг таатай орчныг хангаж байна” гэж Лане хэллээ.
Тэрээр “Эндэхийн дэд бүтц маш түргэн хөгжсөнийг бид харлаа. Өндөр өндөр байшин барилгууд, үзэсгэлэнтэй зам харгуй гээд олон зүйлийг дурдаж болох юм. Эдүгээ Хайнань нь аялал жуулчлалын зорилтот газар болж байна. Эндэхийн хүмүүс жуулчдад маш найрсаг ханддаг. Бас томоохон худалдаа дэлгүүрүүд олноороо бий. Хятад хүмүүс англиар ярьдаг, англи хэл сурах тэмүүлэлтэй болсон нь бидэнд анзаарагдсан” гэв.
Сүүлийн жилүүдэд Хятад улсын хотуудад бизнесийн цоо шинэ төрлүүд бий болсон нь тухайн нутгийн хөдөлмөр эрхлэлт, хотын хөгжилд дэм болсон төдийгүй иргэд олны амьдралд ч хувь нэмрээ өгчээ. Богино хэмжээний видео бичлэг хийх хоббитой Америк иргэн Бен Браун нэгэн бичлэгтээ Хятадын “дуудлагын жолооч”-ийн тухай түүхийг танилцуулсан нь олон орны интернет ашиглагчдын анхаарлыг ихэд татсан байна.
Тэрээр хэлэхдээ: “Нэг удаа миний олон жил уулзаагүй нэгэн америк найз маань Хятадад ирсэн. Бид архи дарс хэрэглэж жаахан согтсон тул харихдаа би дуудлагын жолоочоор машинаа бариулж хүргүүлсэн. Ингэхэд найз маань маш гайхсан. Би түүнд дуудлагын жолооч бол тусгайлан ирж машин барьж биднийг гэрт хүргэж өгдөг үйлчилгээ гэдгийг тайлбарлан хэлсэнд манай найз гайхширч, энэ үнэхээр гайхалтай гэж хэлж байсан. Би түүнд ‘Хятадад энэ бол сонин биш л дээ. Маш олон зүйл ийм л хялбар’ гэж хариулсан” гэв.
Хотууд хөгжин цэцэглэж, хөдөө тосгод өнгөжин дэгжиж, Хятад улс нэн тэнцвэртэй, зохицолтой, чанартай хөгжих гольдролдоо эргэлт буцалтгүй шуударчээ. Энд ажиллаж амьдарч байгаа гадаадын найрсаг хүмүүсийн хувьд хөгжлийн боломж улам ч нэмэгдэж, Хятад улсыг гэр орноо хэмээн үзэх сэтгэлгээ, ололт амжилтаар нь бахархах үзэл ажиглагдсаар байна.
\Уртнасан\