Дэлхийн хөгжлийн санаачилга гэж чухам юу вэ?
2022-10-12 16:06:14
Share
Share this with Close
youtube WeChat

Цар тахлаас үүдэлтэй хямрал сүүлийн зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлт донсолгоог үүсгэж, дэлхийн эдийн засаг элгээрээ хэвтсэнээр НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт маш олон бэрх сорилттой тулгарсан юм. Үүнтэй холбоотойгоор цаг үеийн олон зүйл дээр асуултын тэмдэг тавигдаж, анхаарлын төв дэх сэдвүүд хураагдаж, шийдвэр зохицуулалтаа хүлээсээр байна.

Тэгвэл “Хөгжлийн тухай асуудал бол ард иргэдийн амьдрал аз жаргалтай байх эсэхийг тодорхойлж буй шийдвэрлэх сэдэв. Цар тахлын нөхцөлд ч бид дэлхийн хөгжлийг тэнцвэртэй, зохицонгуй, багтаамжит байдлаар хөгжүүлэх ёстой” хэмээн Хятад улсын дарга Ши Жиньпин 2021 оны есдүгээр сарын 21-нд болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганд оролцохдоо хэлж, Global Development Initiative буюу дэлхийн хөгжлийн санаачилгыг анх дурдсан юм.

Дэлхийн хөгжлийн санаачилгын гол цөм нь гэвэл “Хөгжлийг тэргүүн байранд тавихдаа ард түмэндээ чиглэсэн, нийтэд хүртээмжтэй, багтаамжтай зарчмаар урагшлахын зэрэгцээ инновацийг гол хөдөлгөгч хүчээ болгож, хүн байгалийн зохицлыг дээдлэх” болно. Мөн ядуурлыг бууруулах хөтөлбөр, үр тарианы хангалт, хүнсний аюулгүй байдал, тахлын эсрэг арга хэмжээ болон вакцин, хөгжлийн төлөөх хөрөнгө босголт, цаг уурын өөрчлөлтийн зохицуулалт, ногоон хөгжил, аж үйлдвэржилт, дижитал эдийн засаг, дэд бүтцийн шинэчлэлт зэрэг асуудлуудаар салбар хоорондын хамтын ажиллагааг ахиулж, улмаар НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг шуурхай хэрэгжүүлж, дэлхийн хөгжлийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах явдал юм.

Өдгөө КОВИД-19 цар тахал дэлхийн хөгжлийн өмнөх жилүүдийн ололт амжилтыг саармагжуулж, өмнөд умардын хөгжлийн зөрүүг ихэсгэснээр хүн төрөлхтний хөгжлийн индекс сүүлийн 30 жилд анх удаа уналтад ороод байна. Дэлхийн хэмжээнд 70 гаруй орны нийт 1 тэрбум 200 сая хүн ард цар тахал, хүнс, эрчим хүч, өрийн хямралд өртөж, бараг 800 сая хүн хоол хүнсний дутагдалд орчихлоо. Яг ийм нөхцөлд 2022 оны Дэлхийн эдийн засгийн форумын видео хурал дээр Ши Жиньпин “Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэлхий нийтэд нээлттэй байлгахын зэрэгцээ НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй уялдуулахыг хичээсэн юм. Холбогдох талуудтай хамтран энэхүү санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, нэг ч орныг эгнээнээс гээж хоцроохгүйн төлөө зүтгэхэд Хятад улс бэлэн” гэсэн юм.

2022 оны зургадугаар сарын 24-нд тэрээр мөн видео хэлбэрээр “Дэлхийн хөгжлийн тухай дээд хэмжээний уулзалт”-ыг даргалж, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, хөгжилд ашигтай олон улсын эерэг орчныг хамтдаа бүрдүүлэхийг уриалсан билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш “Дэлхийн хөгжлийн санаачилга яг цагаа олж гарч ирсэн. Тиймээс НҮБ бүрэн дэмжиж, Хятад улстай хамтран ажиллаж, нийт улс орнуудтай хамтран энэхүү санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэсэн юм.