Хятадын өмнөд нутгийн Гуаншийн Жуан үндэстний өөртөө засах орны Цан-Ү сяний Шаньпин нь Яо үндэстний төвлөрөн амьдардаг уулан тосгон юм. Жилийн дөрвөн улиралд хахир хүйтэн манан будан татсан энэ нутаг нь Хятадын алдартай Любао цайны гол тариалалтын бүс юм. 1971 онд төрсөн Жү Шюе-лань тус тосгоны уугуул бөгөөд энэ нутгийн Любао цайны гар урлалын дөрөв дэх үеийн өв залгамжлагч, олон жилийн турш ур чадвараа хамгаалан, өвлөн уламжлахын тулд хичээн ажилласаар иржээ.
“Сяний төв ороход олон уул нуруудыг давж байж хүрдэг” гэдгийг бүр багаасаа сайн мэддэг Жү Шюе-ланий хувьд том болсон хойно төрөлх нутгийнхаа өнгө төрхийг өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийнэ хэмээн шийдэж явжээ.
"Зам дагаж хөгжил ирнэ" гэгчээр 2008 онд бүх тосгоны иргэдийн санал хүсэлтээр Жү Шюе-лань тус тосгоны удирдах албан тушаал хариуцсаны дараа юуны өмнө тосгондоо зам тавьж эхэлсэн юм.
Тавьсан зам нь ашиглалтад орсны дараа нутгийн брэнд болсон Любао цай ч амьжиргааны хүчээ олжээ. Айл өрх бүхэн цай хийх арга барил, үйлдвэрлэлийн стандарт өөр өөр байдаг болохоор Шаньпин тосгонд үйлдвэрлэсэн цайны чанар ч жигд бус байжээ. Ийнхүү тосгоны цайны чанарыг сайжруулахын тулд Жү Шюе-лань тосгоны иргэдэд өвөг дээдсийн уламжилж ирсэн цай боловсруулах арга ухааныг уйгагүй зааж, иргэдийг бэлтгэл сургалтад хамруулж байлаа.
Хэсэг хугацааны сургалт дамжаа хийсний дараа, тус тосгоны Любао цай боловсруулах арга барил ч аажмаар сайжирч, Любао цайны брэнд хол ойрдоо алдаршин, тосгоны иргэдийн орлогыг аажмаар нэмэгдүүлжээ.
2016 онд, Шаньпин тосгон ядуурлаас ангижирсан бөгөөд боловсорч гүйцсэн цайны хүрээлэн 10 жилийн өмнө 20 га байснаа өдгөө 173 га болжээ. 2021 оны эцэс гэхэд тус тосгоны оршин суугчдын нэг хүнд ногдох жилийн орлого 21 мянган юаньд хүрсэн юм.
“Өнгөрсөн 10 жилийн хугацаанд, Шаньпин тосгоны өөрчлөлтийг нүдээрээ харж ирлээ. Цаашид тосгоны иргэдийг дайчлан цайны соёл, Яо үндэстний соёл, аялал жуулчлалын салбарыг уялдуулан, "цай, соёл, аялал жуулчлал"-ыг хөгжүүлэх шинэ замыг эрэлхийлэхээр төлөвлөж байна” гэж Жү Шюе-лань ярьж байлаа.