Хятад улс химич роботыг зохион бүтээжээ
2022-10-18 16:01:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн химийн лабораторид нэгэн уян робот урвалж сэлтийг хольж бэлтгэн маш шалмаг ажиллаж байлаа. Харин лабораторид залуу судлаач тэрхүү роботыг алсаас удирдан үйл ажиллагааг нь хянаж сууна. Тус робот тэдгээр гүйцэтгэлээс гадна туршилтын зарим дэс дараалал, төлөвлөлтийг бие даан сэтгэх чадвартай аж.   

Энэхүү робот нь Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хими, физикийн тэнхмийн профессор Жян Жүний багийн шинэ бүтээл бөгөөд уг багийнхан  өгөгдлийг унших, өөрөө бие даан туршилт төлөвлөх, материал боловсруулах бүрэн чадвартай химич робот платформыг бүтээсэн юм. 

Жян Жүний багийн гуч орчим гишүүний олонх нь 1990-ээд оноос хойших үеийнхэн аж. Энэ оны аравдугаар сарын эхээр тэдний багийнхан хөдөлгөөнт робот, химийн лаборатори, ухаалаг үйлдлийн систем, шинжлэх ухааны мэдээллийн санг хөгжүүлж нэгтгэснээр  өгөгдлийн дүн шинжилгээнд тулгуурласан бүрэн процессийг гүйцэтгэх чадвартай робот химичийг бүтээн гаргасан байна. 

Энэхүү судалгааны үр дүнг “Үндэсний шинжлэх ухааны өгүүлэл” сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарт нийтэлжээ. Олон улсын судлаачид “Энэхүү бүтээл нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, химийн судалгааны салбарт асар их ач холбогдолтой” гэсэн байна. 

Тэгвэл химийн туршилт хийх чадвартай ийм ухаалаг роботыг залуучууд хэрхэн бүтээсэн талаар сонирхоцгооё.   

Өмнө нь химийн судалгааны явцад маш олон хүндрэл төвөгтэй асуудлууд, тухайлбал, урт хугацааны туршилт, зардал ихтэй ужгирсан нарийн төвөгтэй зүйлс олон байсан. Эдгээрийг шийдэж зардал, цаг хугацааг хэмнэсэн нь тухайн шинэ бүтээлийн гол үнэ цэнэ юм. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны салбарынхан судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн инноваци, хөгжилд өгөгдөл мэдээлэл гэгч зүйл маш их ач холбогдолтойг ойлгоод байна. 

Багийн чухал гишүүний нэг Шяо Хэн-Юй 1995 онд төрсөн. Тэрээр Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн лицей коллежийн бакалаврт суралцаж, хувийн хоббигоороо хиймэл оюун ухааныг сонирхон суралцсан байна. Нэгэн удаа түүний бичсэн програм алдаатай болсон тул Жян Жүн багш дээрээ очиж, “Алгоритмд ямар ч асуудал байхгүй. Харин түүнд тулгуурласан туршилтын өгөгдөл нь арай өрөөсгөл болсон байна” гэжээ. Шавьдаа тулгарсан асуудлаас болж Жян Жүн профессор сүүлийн үед судалгаанд тулгамдаж буй асуудлын талаар тархиа гашилгаж эхэлжээ. Тухайлбал, тэр үед Хятадын шинжлэх ухааны судалгааны багууд тоо баримтуудаа англи хэл дээр бичиж, гадаадын сэтгүүлд нийтлүүлэх боловч өгөгдлийн талаар иш татахдаа заавал төлбөрийг нь төлж худалдаж авдаг байв. Үүнээс болж Жян Жүн Хятад улсын өөрсдөө хэрэглэх бие даасан өгөгдлийн сан байгуулахыг мөрөөдөх болсон бөгөөд Шяо Хэнюй зэрэг шавь нар нь түүний хүслийг биелүүлэхээр санаа шуударчээ. 

Тэд өгөгдлийн тооноос илүү чанарт нь илүү анхаарах ёстойг ойлгож байв. Мэдлэгийн график нь тэдний өгөгдлийн санд дутагдаж буй хамгийн чухал холбоос болсон байна. Энэхүү холбоос дутагдсанаас болж өгөгдлийн чанар доголдож, хайлтын үр дүнд  хүндрэл учруулсан байна. 

Мэдлэгийн график байгуулах нь тийм ч хялбар ажил биш, тэд мэргэжлийн мэдлэгээрээ өгөгдлийн хамаарлыг ялган, дүрс таних тэмдгийг тавьж, компьютерийг өгөгдөл бүрийн физик утгыг мэдрэх болгох юм.  

Багийн гишүүн, докторант Жан Байчэн дурсахдаа, "Эхлээд бид цөөхүүлээ дүрс таних тэмдгийг тавьж байлаа. Хүний хүч хүрэлцэхгүйгээс болж ажлын үр дүн маш тааруухан байсан. Тэгээд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс  Жян Жүнь Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Залуучуудын холбоотой хамтарч,  өгөгдөл, мэдээллийг унших тэмцээн зохиож, бусад салбарын оюутнуудыг оролцуулснаар эхний багц дүрсийг таних өндөр чанартай тэмдгүүдийг бүтээн гаргасан юм. 

Жан Байчэн хэлэхдээ, бид эдгээр өгөгдлийг ашиглан ухаалаг алгоритмуудыг тооцоолон гаргаснаар химийн нэр томьёогоор нэрийдсэн бодит зүйлийг ялган таних анхны програмыг бүтээсэн. Ингэснээр компьютер дүрс таних тэмдгийг автоматаар таньж эхлэн, дараа нь хүний оролцоотой шалгалт хийснээр ажлын үр бүтээмжийг ихээхэн нэмэгдүүлсэн юм. Эцэст нь баг хамт олноороо Хятадын материал судлалын мэдлэгийн графикийг бүтээн гаргасан эхний баг боллоо. 2021 онд тус багийнхан мэдлэгийн графикийг ашиглаж "Шяолай" роботод шинжлэх ухааны сэтгэхүйг суулгаснаар байгалийн хэлний боловсруулалт (NLP) технологийг сайжруулж, мөнөөх роботын автоматаар унших, таних нарийвчлал нь 90 хувьд хүрсэн байна.