Хятадын эртний сургаал зохиролт дэлхий ертөнц байгуулахыг чухалчилдаг байжээ
2022-10-19 09:49:36
Share
Share this with Close
youtube WeChat


М.Чимэдцэеэ-гийн орчуулсан эрдэм шинжилгээний бүтээл: “Күнзийг зургаар өгүүлэхүй”, “Күнз хийгээд түүний шавь нар”

Ер нь Күнзийн сэтгэлгээ сургаал бол хүний өдөр тутмын амьдрал ахуйн гүн ухааны ном сургаалууд юм. Түүнд голдуу хүний эрхэм сайхан ёс суртахуун, сайн сайхан, шударга үнэн, өршөөл энэрэл, сайн засаглал, сайн түшмэл, сайн хүн байх зэрэг тухайд гүнзгий нарийн номлосон сургаалууд байдаг тул, Күнзийн сургаалыг өнөөдөр хүмүүс хүн болохын эрхэм сургаал гэж нэрлэж, хүн болохын тулд түүний сургаалыг шүтэн дээдлэх ёстой гэж үздэг байна. Энэ нь надад маш их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн зүйл гэж болно. Тийм учраас дэлхий ертөнц, дэлхийн өнцөг булан бүхэнд Күнзийн сэтгэлгээ сургаалыг маш ихээр судалж суралцаж дэлгэрүүлж байгаагийн уг учир нь Күнзийн сургаал нь хүн төрөлхтний оршин амьдрах, дэлхий нийтийн хөгжил дэвшихийн хоёр их зарчмыг номлосонд байна гэж би ойлгодог. Энэ нь юу вэ гэвэл: Нэгдүгээрт, “Шүүмжлэл өгүүлэл” номд “Та өөрийн үл хүсэх зүйлийг өрөөл бусдад бүү тулгагтун!” гэсэн сургаал байдаг. Энэ нь хэдийгээр нийгмийн амьдрал орчинд байнга тохиолдог энгийн түгээмэл зүйл мэт боловч маш чухал зарчим юм. Энэ “Алтан дүрэм”-ийг Күнзийн сургаалтнууд шударга, өршөөлийн ёсон гэж нэрлэсэн байдаг бөгөөд дэлхий дахины эрдэмтэн судлаачид үүнийг хүн төрөлхтний ёс суртахууны “Алтан дүрэм” хэмээн үздэг. Бидний мэдэж байгаагаар ийм сургаалыг бурхан багш Шагжамуни, мөн түүнээс хойно “Ариун библи” сударт ч номлосон гэхчлэн хүн төрөлхтний түүхэн адил бус цаг үеийн агуу сэтгэгчид иймэрхүү адил төсөөтэй сургаалуудыг айлдсан байдаг. Дээр дурдсан “Алтан дүрэм”-тэй холбоотойгоор “Зохирол /和谐 буюу 和为贵/” гэдэг зүйлийг ярих хэрэгтэй болно. Хүн төрөлхтөн тэрсэлж амьдрах бус, харин харилцан зохирч амьдрах ёстой гэсэн сургаалыг Күнз номлосон байдаг. Энэхүү сургаал нь хүн төрөлхтөнд ялангуяа өнөөгийн эрин цаг үед нэн илүү үнэ цэнэтэй сургаал болж байна. “和为贵” гэдэг хятад үгийг бид “Зохирол бүхнээс эрхэм” гэж оноон орчуулж байна. “和而不同”гэдэг хятад үгийг бид “Санаа зохирох боловч, сохроор эс дагалдах” гэж оноон орчуулж байгаа, өөрөөр хэлбэл хүмүүс санаа зохирч амьдрах ёстой, харин сохроор бусдыг дагалдах ёсгүй гэсэн санаа гэж ойлгож байна. Энэ нь өнөөдрийн дэлхий ертөнцөд тэр тусмаа улс орнуудын харилцаа хүмүүс хоорондын харилцааны хөгжил дэвшилд хамгийн үнэ цэнэтэй үзэл ойлголт болж байна. Хоёрдугаарт, “Шүүмжлэл өгүүлэл” номд бас “Өөрийн биеийг тэтгэн босгосугай хэмээвээс, өрөөл бусдыг тэтгэгтүн! Өөрөө аливаа зүйлд нэвтэрхий болсугай хэмээвээс өрөөл бусдыг нэвтэрхий болгогтун /己欲立而立人,己欲达而达人/” гэсэн сургаал бий. Үүнийг энгийн үгээр тайлбарлаж хэлбэл, өөрөө сайн сайхан зүйлд хүръе гэж хүсэж байгаа бол өрөөл бусад хүмүүсийг тэр сайн сайханд хүргэгтүн. Өөрөө аливаа бүхэнд нэвтэрхий сайн болъё гэвэл өрөөл бусад хүмүүсийг бас нэвтэрхий сайн болгогтун гэсэн санаа болно. Тэгэхээр энэ хоёр уламжлал зарчмыг шударга, өршөөлийн ёсон гэж нэрлэдэг. Эдгээр нь Күнзийн номуудыг орчуулах явцад надад хамгийн гүн гүнзгий хадагдан үлдсэн сургаалууд юм.

Өнөөдөр бидний дээдэлж ярьдаг, баримталдаг “Зохиролт дэлхий ертөнц /和谐世界/”, “Зохиролт нийгэм /和谐社会/”, “Зохиролт гэр бүл /和谐家庭/” гэдэг үзэл ойлголт бол Күнзийн сургаалд ямар нэгэн хэмжээнд суурилсан, түүнээс үүдэлтэй шинэ үзэл баримтлал юм. Өнөөдөр та бидний сайн мэддэг “Нэг бүс нэг зам”-ын стратегийн чухал санаачилга, том үзэл баримтлал бол Күнзийн энэ сургаалтай ямар нэгэн хэмжээгээр уялдаа холбоотой. Хятад улс Күнзийн энэхүү сургаалд суурилж, “Нэг бүс нэг зам”-ын үзэл баримтлалыг дэвшүүлсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн Хятад улс ганцаараа хөгжин мандах бус, харин дэлхий улс орнууд хамтдаа хэлэлцэж, хамтдаа хүртэж, хамтдаа зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хөгжин дэвших /共建、工商、共享/ гэсэн ийм зорилт санааг илэрхийлж байдаг. Тийм ч учраас Хятад улсын дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт бол харилцан нээлттэй, уужуу багтаамжтай үзэл баримтлал бөгөөд харин дан ганц Хятад улсын “Гоцлол” бус, зам дагуух улс орнуудын “Их найрал” юм. Күнзийн сургаалаас суралцахын жинхэнэ учир утга үүнд байна гэж би ойлгодог. Түүнээс гадна, Күнзийн олон гайхамшигтай сургаалууд бий. Тухалбал түүний нэг сургаал нь агуулга, хэлбэрийн чухал сэдвийг дурдсан байдаг. “Эгэл жирийн болон эрхэм тансаг” хоёрын холбоо хамаарлын тухай Күнзийн “Шүүмжлэл өгүүлэл” номд соён заажээ. Түүнд “Эгэл жирийнх нь эрхэм тансагаас давбаас болхи толхи болно. Эрхэм тансаг нь эгэл жирийнхээс давбаас хөнгөн хуудам болно. Эгэл жирийн болон эрхэм тансаг хоёр эн тэгширвээс эрдэмт сайд больюу" гэж дурдсан байдаг. Бид үүнийг агуулга хэлбэрийн уялдаа холбооны тухай сургаал гэж үздэг, аливаа зүйлийн агуулга хэлбэр хоёр нь зохирч тэгширч байх учиртай. Агуулга нь хэтрээд хэлбэр нь дутаад байх юм бол болхи толхи болж эхэлдэг, эсрэгээрээ хэлбэр нь ихдээд агуулга нь багадаад байх юм бол хөнгөн хуудам, алдаа доголдол ихтэй болно. Агуулга хэлбэр хоёр эн тэгшрэх аваас, сая жинхэнэ төгс төгөлдөр болно гэсэн аугаа сургаал гэж ойлгодог.

Монгол, Хятад хоёр улс бол өнө эртнээс хаяа залган оршиж ирсэн, түүхэн уламжлалт харилцаатай төдийгүй, бас өнө эртний соёл иргэншлийн өв уламжлалтай орнууд. Тэгэхлээр энэ цаг үед олон соёл иргэншлүүд харилцан зохирч, харилцан зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжин дэвших зайлшгүй шаардлагад тулгарч байна. “Өнчин ганц цэцэг дэлгэрснээр хавар болдоггүй, өнгө өнгийн цэцгүүд алаглаж байж хаврын үзэмж бүрддэг” гэсэн Хятадын нэг алдартай зүйр цэцэн үг байдаг. Энэ нь дэлхийн улс орнуудын олон соёл иргэншил бүгдээр зэрэг хөгжин мандаж байж, сая дэлхий ертөнц сайн сайхан болно гэсэн санаа юм. Ганцхан соёл иргэншил дангаараа хөгжөөд байх боломжгүй, Соёл иргэншлүүд харилцан холбоотой байж, олон өнгө төрхтэй болдог, соёл иргэншлүүд харилцан хүртээлтэй байж, элбэг баян болдог. Өөрөөр хэлбэл соёл иргэншил хэдий чинээн бие биендээ нэвчиж уусаж, бие биенээсээ охь дээжээс суралцаж байж, хэдий чинээн хүртээмжтэй байвал төдий чинээн баян болно. Энэ утгаараа бид Хятадын энэ уламжлалт соёл, эртний гүн ухаан, сэтгэлгээнээс маш их зүйлийг мэдэж таньж ухаарч болно. Үүний дагуу бидний монгол соёл цэцэглэж баяжиж шинэ өнгө төрхтэй болдог гэж үзэж байна. Улс үндэстнүүдийн соёл иргэншил хэдий чинээн харилцан хүртээлтэй байх юм бол хүн төрөлхтөн төдий чинээн баян болно. Иймээс хөрш орны хувьд Хятад, Оросын соёл тэрчлэн дэлхий ертөнцийн дэвшилт соёлоос аль болох суралцаж хүртэх ёстой.

—Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, МУ-ын нэрт Хятад судлаач М.Чимэдцэеэ