Ардынхаа амьдралыг мэддэг удирдагч л улсаа хөгжүүлдэг
2022-10-20 16:37:42
Share
Share this with Close
youtube WeChat

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо аравдугаар сарын эхээр Жакарта, Маланг хот, Бали арал зэрэг газруудад ажилласныхаа дараа Хятадын төв радио телевизид тусгай ярилцлага өгч, ядуусын хорооллоос Ерөнхийлөгчийн ордонд хүрсэн  замнал болон Индонезийн засаглал, ирээдүйн талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.

Жоко Видодо хэлэхдээ, "Индонези 17000 арал, 514 хот сянь, 37 муж, 714 аймаг бүлэг, 1300 төрлийн нутгийн хэл аялгуутай, баялаг соёл бүхий улс орон юм. Индонезийн удирдагч нар бүх хот, арлуудаар явж, ард иргэдийнхээ амьдралтай танилцах шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол тархан суурьшсан ард иргэд нь Ерөнхийлөгчтэй гэдгээ ч мэдрэхийн аргагүйд хүрнэ" гэжээ.

Засаглалынхаа философийн талаар ярихдаа тэрбээр, "Хотын даргын алба хашиж улс төрд ойртсон цагаасаа ард иргэдийн амьдралын орчныг илүү танин мэдэхийн тулд хөдөө орон нутаг, арал, тэнгисээрээ очин ард иргэдтэйгээ санал бодлоо солилцохыг эрмэлзсээр ирсэн. Газар бүхэнд шийдвэр хүлээсэн асуудал оршиж байдаг болохоор бодлого боловсруулахын тулд ахуй нөхцлөө судлахаас өөр аргагүй. Яг үнэндээ Ерөнхийлөгч болох нь миний мөрөөдөл байгаагүй. Бизнес эрхэлж мөнгөтэй хүн болъё гэж бодож байсан. Голын эргийн ядуусын хороололд төрж өссөн учраас эгэл жирийн хүмүүсийн амьдралыг би бүрэн дүүрэн ойлгоно. Үүгээрээ би одоо бахархан олзуурхдаг. Амьдралаа мэддэг учраас би хий хоосон зүйл ярихыг хүсэхгүй, тэдний ойлгодог үгээр л ярьдаг" гэж байлаа.

Ши Жиньпин дарга ч гэсэн ард түмэндээ ээлтэй удирдагч, ард түмэнд тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг сэтгэл зүрхнийхээ гүнээс ойлгож мэддэг учраас үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, ядуурлаас ангижруулж чадсан хэмээн Жоко Видодо сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрээр "Дэд бүтцийн бүтээн байгуулалт сайжрах тусмаа улс орны хөгжлийн чадавхи дээшилнэ. Сүүлийн найман жилийн хугацаанд Индонез 2040 километр хурдны авто зам, 16 нисэх буудал шинээр байгуулсан бөгөөд 38 нисэх буудлыг засварлан шинэчилж, гарам, усан хашлагуудыг ч засч сэлбэсэн юм. Энэ бол Индонезийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зайлшгүй үндсэн нөхцөл гэж би бодож байна" гэжээ.

Хятад улсын бие дааж бүтээсэн хурдны галт тэргийг гадаадад турших төсөл 2016 оны нэгдүгээр сард Индонезид албан ёсоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2023 онд бүрэн ашиглалтад орох юм. Уг төсөл Индонезийн нийслэл Жакартаг тус улсын дөрөв дэх том хот Бандунгтай холбох бөгөөд хоёр хотын хооронд зорчих хугацаа өмнө нь 3 цаг гаруй байсныг 40 минут болгон богиносгоно. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Жоко Видодо  хэлэхдээ, Хурдны галт тэрэг нэвтэрснээр хот хоорондын зорчигч болон ачаа тээврийн урсгал нэмэгддэг. Түүнийг дагасан олон шинэ боломж гарч ирнэ. Дэд бүтэц бол өрсөлдөх чадвар гэсэн үг гэжээ.

Ихэнхдээ пүүз өмсдөг талаар нь сонирхсон сэтгүүлчийн асуултад Ерөнхийлөгч Жоко Видодо хариулахдаа, "Миний өмсөж байгаа энэ пүүз бол Индонез улсад үйлдвэрлэсэн, хямд,  28 ам.долларын үнэтэй. Индонезийн жижиг аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн" гэсэн бөгөөд ярилцлагын төгсгөлд тэрбээр, "Хүмүүс намайг зөвхөн ерөнхийлөгчийн хувиар биш, харин амьдралд хайртай, дуулж бүжиглэдэг, ач зээгээ харж жаргадаг, өглөө болгон цагаан гаатай өвсөн цай уудаг гэхчлэн олон талаас ойлгоосой гэж би хүсдэг. Азийн орнууд соёлоороо ойр байдаг. Зав боломжтой үедээ Индонезид зочлоорой" гэжээ.