Ши Жиньпиний үзэл санаа бол Шинэ цаг эриний Хятадын марксизм мөн
2022-10-26 08:46:01
Share
Share this with Close
youtube WeChat

1818 оны тавдугаар сарын 5-нд Пруссын хант улсын Рейн мужийн еврей хуульчийн гэрт нэгэн хөвгүүн мэндэлсэн нь хожим даяанд алдаршсан Карл Маркс байжээ. Тэрээр 18 насандаа Берлиний их сургуулийн хуульзүйн ангид сурч байсан ч ихэнх цагаа түүхийн болон философийн хичээлд үрдэг байжээ. Түүнээс арван жилийн хойно буюу 1840 онд Прусст Фридрих Вильгельм засгийн эрхэнд гарч, чөлөөт ардчилсан үзэлтэй хүмүүсийг хавчин гадуурхаж, судалгаа шинжилгээ болон хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь боомилжээ.

Аж үйлдвэрийн хувьсгал 19-р зуунд Герман улсыг бүхэлд нь хамарч, газрын эзэд, чинээлэг давхаргынхан хамжлага, энгийн иргэдийг дарлан мөлжиж, амьдралын нөхцөл дордон хувирав. Энэхүү байдлыг нүдээрээ үзсэн Карл Маркс гаслан зовлонд автсан ядуусыг аврахын тулд нийгмийн бүхий л үзэл ойлголтуудыг нарийн таньж мэдэхээр шамдаж хөрөнгөтний нийгмийн мөн чанарыг ягштал ойлгосны дүнд баян хоосны ялгааг арилгаж, нийгмийн тэгш хуваарилалтыг дэмжих нь туйлын зүйтэй гэх үзэлдээ хөтлөгдөн алдарт “Капитал”-аа бичсэн нь хожмоо коммунистуудын тунхаг болсон юм. Товчхондоо тэрээр социализмын онолын суурийг тавьсан гэсэн үг. 20-р зуунд хүн төрөлхтний түүхэнд асар их өөрчлөлт авчирсан энэ онолын дүнд бараг дэлхийн тал хувьд нь социалист тогтолцоог сонгож байсан нь саяхан билээ.

Хэдийгээр 20-р зууны 80-аад оны сүүлчээр ЗХУ задран унаж, түүний нөлөөнд байсан СНГ-ийн орнууд капитализмыг сонгосон ч тухайн үеийн ЗХУ-тай эн зэрэгцэхүйц том гүрэн болох БНХАУ социалист орон хэвээр үлдсэн юм. Түүнээс хойш хагас жаран харсаар байтал харван оджээ. БНХАУ-д социализм нурж унаагүйгээр барахгүй, улам хөгжин хүчирхэгжиж, дэлхийн хоёрдох том эдийн засаг, тэргүүлэх худалдааны гүрэн гэх мэтээр эхний эгнээг өнгөлөн алхаж эхэлсэн юм. Мао Зэдүнгээс Ши Жиньпин хүртэл Хятадын үе үеийн удирдагч нар диалектик материализмыг Хятадын нөхцөлд чадамгай уялдуулснаар нам төрийн цогц удирдлагын механизм үүсгэж, улс орноо бүтээн байгуулж, хөгжүүлж хүчирхэгжүүлж чадсан юм.

ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын үндэстнүүдийн ард түмэн Ши Жинпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдуулж улам гүнзгий, улам алс хэтийн ач холбогдолтой өөрчлөлтүүдийг хийж, нам байгуулагдсаны 100 жилийн ойгоор хос зуун жилийн төлөвлөгөөний эхний 100 жилийн зорилтоо амжилттай биелүүлж, ядуурлыг арилгаж, авилгатай хатуу тэмцэж, цар тахлыг ялж, өвлийн олимп зохиож, XX хурлаа амжилттай хийж, энэ зууны дунд хугацаанд Хятад маягийн орчин үеийн хүчирхэг орныг байгуулах хоёр дахь 100 жилийн гараандаа эрч хүч дүүрэн алхаж орлоо.

Тийм ч учраас Хятадын өнөөдрийн хөгжил бол марксизмын гавьяа, энэхүү үзэл онолыг Хятадын онцлогт тохируулж, шинэ цар эриний хөгжлийн алхаатай уялдуулсан үр дүн гэж хэлэхэд маргах хүнгүй болов уу. ХКН-ын XX их хуралд тавьсан илтгэлдээ Ши Жиньпин дарга, Марксизмыг Хятадын шинэ цаг эриний онцлогтой цаашид уялдуулах нь аль ч цаг үеийн ХКН-ын гишүүдийн ёс төртэй түүхэн үүрэг хариуцлага мөн. Марксизмын шинжлэх ухаанч онол нь нийт намын гишүүдийн маань итгэл үнэмшил болж, шинэ цаг эриний түүхэнд бид санаачилгатай урагшилж дэвжсээр буйн жинхэнэ учир шалтгаан мөн гэж тэмдэглэсэн байдаг юм.