Шинэ Зеландын киви жимс хэмжээ томтой, чихэрлэг, тэжээллэг ихтэй тул Хятадын зах зээлд борлуулалт сайтай байдаг. Харин Шинэ Зеландын энэ киви Хятадаас гаралтайг хүмүүс сайн мэдэхгүй болов уу. Шинэ Зеландад суурьшсан хятадууд шинэ сорт гаргаснаа Хятадын зах зээлд нийлүүлсэн нь ийм үр дүнд хүрсэн юм. Сүүлийн 10 жилд Шинэ Зеландаас Хятадад нийлүүлсэн киви жимсний экспорт хурдацтай нэмэгдэж, Хятад улс Шинэ Зеландын киви жимсний экспортын хамгийн том зах зээл болсон байна. Одоо та бүхэн Хятадын Төв радио телевизээс Австриалд суугаа сурвалжлагч Лин Чинхуйгийн бэлтгэсэн сурвалжлагыг хүлээн авч сонсоно уу.
Шинэ Зеландад кивиний тариалан 2800 гаруй байдаг бөгөөд ихэнх нь тус улсын хойд арлын зүүн хэсэгт оршдог. Шинэ Зеландын киви жимс тариалах "Маори" нийгэмлэгийн дарга Анану Тимтим танилцуулахдаа, "Одоогоор Шинэ Зеландын киви жимсний 90 гаруй хувь нь гадаадад экспортлогдож байгаа бөгөөд ногоон болон алтан шаргал сорт нь Хятадын хэрэглэгчдийн хамгийн сайн мэддэг хоёр төрөл юм.
"Шинэ Зеланд киви жимсний тариалан нийт 15 мянга орчим га талбайтай. Өмнө нь бид голчлон ногоон жимс тарьдаг байсан бол сүүлийн 5-7 жил алтан шаргал жимс хамгийн чухал сорт болж, нийт тариалалтын 60 хувийг эзэлж байна. Ногоон киви нь ердөө 40 орчим хувийг эзэлэх болов".
20-р зууны эхээр, Шинэ Зеландын нэгэн багш эмэгтэй Хятадаас киви жимсний үрийг Шинэ Зеландад аваачжээ. Хэдэн үеийн үржил, арчилгааны үр дүнд Хятадаас гаралтай энэхүү жимс нь Шинэ Зеландын цаг агаар, хөрсөнд дасан зохицсон төдийгүй гадаад төрх, амтаараа Хятадын уугуул кивигээс эрс ялгаатай болжээ. Эхний үед жимс тариалах, борлуулах ажлыг Шинэ Зеландын жимсний фермерүүд эрхэлдэг байсан бол дараа нь засгийн газар Киви жимсний маркетингийн зөвлөлийг байгуулж, бүхэл бүтэн салбарыг төлөвлөн хөгжүүлжээ. Одоо Шинэ Зеландын экспортолж буй киви жимсний цорын ганц брэнд нь Зеспри юм.
Зеспри компанийн маркетингийн гүйцэтгэх захирал Линда Миллс хэлэхдээ, "Хятадын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор Хятадын хэрэглэгчдийн дунд чанартай жимсний эрэлт хэрэгцээ ч илт нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Хятад руу экспортолж буй киви жимсний хэмжээ жил бүр хоёр оронтой тоогоор нэмэгдэж байна. 2009 онд Хятадын эх газарт Зеспри киви жимсний борлуулалт ердөө 50 сая /Шинэ Зеланд/ доллар байсан нь дэлхийн борлуулалтын 5 хүрэхгүй хувийг эзэлж байсан бол 2018 онд Хятад дахь уг жимсний борлуулалт дэлхийн борлуулалтын 20 гаруй хувийг эзэлж, борлуулалтын орлого нь 500 сая Шинэ Зеланд доллар буюу 2.1 тэрбум юаньд хүрчээ. 2021 оны санхүүгийн жилд Хятадын зах зээл Шинэ Зеландын киви жимсний дэлхийн хамгийн том зах зээл болжээ.
"Сүүлийн санхүүгийн жилд бид 4 тэрбум Шинэ Зеланд долларын орлоготой болсон нь Шинэ Зеландын ДНБ-ий 1 орчим хувьтай тэнцэж байна. Шинэ Зеландын кивиг Хятадын зах зээлд 20 гаруй жил нийлүүлж буй бөгөөд тус улсын зах зээлд эзлэх хувь 2-оос 25 хувь болж өссөн юм. Хятад улс нь бидний хувьд маш чухал зах зээл юм” гэлээ.
Линда Миллс хэлэхдээ, "2022 оны ургац хураалтын улиралд Шинэ Зеландад ажиллах хүчний хомсдол, цаг агаарын эрс өөрчлөлт зэргээс болж киви жимсний үйлдвэрлэл өмнөх жилээсээ буурсан ч Шинэ Зеландын жимсний тариаланчид зах зээлийг өндөр ургац, чанартай бүтээгдэхүүнээр хангана гэдэгтээ итгэлтэй хэвээр байна" гэв.
Удалгүй Хятадын 5 дахь удаагийн олон улсын импортын экспо болох гэж байгаа бөгөөд Шинэ Зеландын Зеспри компани лангууны зураг төслийг боловсруулж, тээвэрлэлтийн зохицуулалтаа яаралтай хийж байна. Зеспри компани тус экспогоор дамжуулж, Хятадын зах зээлийг үргэлжлүүлэн өргөтгөхийг хүсэж байна гэж Линда Миллс хэлэв.
"Бид анхны экспогоос эхлэн оролцсоор ирсэн. Би өөрөө мөн анхны экспод оролцож байлаа. Энэ жил дахин оролцоно. Энэ экспогоос хүлээлт ихтэй байна. Экспогийн үеэр брэндээ сурталчлах нь бидний хувьд маш чухал юм. Хамгийн гол нь бид тэндээс гадаад харилцаагаа өргөтгөх боломжтой. Мэргэжил нэгтнүүдтэй харилцаа холбоогоо нягтруулж, Хятадад жимсний худалдааг илүү өргөн хүрээнд явуулахыг хүлээж байна".