Тосгоныг "томруулж" буй гэр буудлаар зочлохуй
2022-11-01 17:01:04
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн жилүүдэд Хятад улс хөдөө орон нутгаа хөгжүүлэх стратеги хэрэгжүүлж байгаа бөгөөд урамшууллын бодлогуудаас нь онцолж дурдахад аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа соёлын нөөцтэй уялдуулан хэрэгжүүлэх загварыг ашиглаж байгаа явдал юм. Хятадын Хүний нөөцийн яамнаас хөгжлийн нөөц боломжтой 18 салбарыг жагсаахад энд дурдагдах Гэр зочид буудал түүнд багтжээ.

Бээжин хотод төрж өссөн Жан Хайшя үзэмжит байгальд аялж, зүсэн зүйлийн хүнтэй нөхөрлөхдөө архитектурын мэргэжлээ практикт хэрэгжүүлэхийг мөрөөдсөөр ирсэн нэгэн. Сүүлийн жилүүдэд ид хөгжиж буй Гэр зочид буудлын салбар түүнд хүсэл мөрөөдлөө биелүүлэх алтан боломжийг олгожээ.

2001 онд тэрээр Хүнаний их сургуулийг архитектурын мэргэжлээр дүүргэж Хятадын электроникийн дизайны хүрээлэн, Жэжяний их сургуулийн Архитектурын тэнхимд барилгын зураг төсөлтэй холбоотой ажил алба хашиж байжээ. Зав чөлөөгөөрөө Жан Хайшя гадаад дотоодод аялах хоббитой бөгөөд очсон газрынхаа өвөрмөц бараа бүтээгдэхүүнээс худалдан авч хувийн цуглуулгатай болжээ. Европын орнуудын үзэсгэлэнтэй байгаль, уран баримлууд, Японы цэвэр цэмцгэр сууцан хорооллын макет, Балбын гар урлалын бүтээл зэрэг сонирхсон зүйлээ авч, Шиньжян, Юн-нань зэрэг Хятадын үндэсний цөөнхийн төвлөрөн суусан нутгаар аялахдаа хивс, хөгжмийн зэмсэг гээд таалагдсан зүйлсээ цуглуулсаар ирлээ.

Аяллынхаа явцад Жан Хайшя аль болох орон нутгийн өвөрмөц онцлог бүхий уран чимэглэлтэй зочид буудлыг сонгодог бөгөөд цуглуулсан зүйлсээ нэг газар олж дэлгэн үзүүлэхийг эрмэлздэг байлаа.

2019 онд Жан Хайшя гэр зочид буудал ажиллуулахаар шийдээд Бээжин хотын төвөөс 120 гаруй километр зайтай Хуай Рөү дүүргийн Шуан Вэнь Пү тосгоныг сонгожээ. Онгон дагшин байгальтай, Өвөр Монголоос ойрхон нь түүнд таалагдсан байна. Тэрбээр, “Өвөр Монголд би 50 гаруй удаа очсон. Өвөр Монголд зуны сайхан цагаар хүмүүс олон очдог. Миний хувьд бол жилийн дөрвөн улиралд өөр өөр гоо сайхан мэдрэгддэг. Жилд хэд хэдэн удаа очдог, ихэнх нутаг орноор нь зочилсон” хэмээн ярилаа.

Жан Хайшя хоёр найзтайгаа хамтран Шуан Вэнь Пү тосгоны тариачны гурван хашааг арван жилийн хугацаатай түрээсэлж, хоёр хашаанд нь зочид буудал ажиллуулж, нэг хашаанд нь өөрөө амьдарчээ. Тэрээр загвар дизайнаа өөрөө гаргаж, 1.2 сая юань зарцуулан, гэр ахуйн этгээд хэрэгслүүд цуглуулж жуулчдад тав тухтай орчин бүрдүүлж өгчээ.

Тосгоны тариачны хашааг нэг жилийн 50 мянган юаниар түрээсэлсэн бөгөөд гэр зочид буудал танилцуулдаг Хуа Жү хэмээх цахим платформд гишүүнээр элсэн бизнесээ сурталчилдаг. Тосгоны өвөрмөц онцлог бүхий гуанз ресторан, үйлчилгээний газрууд аялал жуулчлалын цогцолбор хэлбэрээр нэгдсэнээр үйлчилгээний чансаа дээшилж, үүнийг даган хэрэглэгчдийн эрэлт ч нэмэгдэн, тариачдын ажлын байр, орлогыг нэмэгдүүлжээ.

Жан Хайшя, “Одоогийн залууст мөрөөдлөө биелүүлэх боломж өргөн болсон. Миний хувьд гэр зочид буудал маань эцсийн зорилт биш, аяны нэгэн өртөө юм. Би үүгээрээ дамжуулан газар газрын найзуудтай танилцаж, цаашид улам илүү сонирхолтой загвар дизайн хийх боломжтой боллоо. Миний зочид буудлыг Лү Жы Чэнь буюу "Дэглийн тоос" гэдэг. Шуан Вэнь Пү тосгоны эргэн тойронд хөх дэглий шувууд олноороо байдаг. Анх олж харангуутаа л зочид буудлаа ингэж нэрлэхээр шийдсэн. Бид аяны шувууд шиг холыг зорих мөрөөдлийн далавчтай байх хэрэгтэй. Түүнийхээ төлөө орчлонгийн тоосыг хөдөлгөж явах эгэл даруухан хэрнээ шаргуу хөдөлмөрч байх ёстой гэж би боддог" хэмээн ярив.