“Дэн Сяопин” хэмээх монгол номын нээлтийн ёслол Улаанбаатар хотноо болов
2022-11-02 22:08:29
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 11 дүгээр сарын 2-нд МУ-ын хятад судлаач, орчуулагч Х.Баатархүүгийн эмхтгэн орчуулсан БНХАУ-ын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дэн Сяопины тухай “Дэн Сяопин” хэмээх монгол номын нээлтийн ёслол МУ-ын нийслэл Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд болов. МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Линь Минсин, МУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, МУ-аас БНХАУ-д сууж байсан үе үеийн элчин сайд нарын төлөөлөл, мөн МУ-аас гадаад орнуудад сууж байсан элчин сайд нар, МУ-ын Хятад судлаач эрдэмтэд, Хятад судлал сонирхогчид болон дотоод гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид зэрэг 70 гаруй хүн оролцжээ.


△“Дэн Сяопин” хэмээх монгол ном

Х.Баатархүү уг арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ, Хятад, Монгол хоёр орны ард түмэн өнө эртнээсээ худалдаа арилжаа, соёлын найрсаг харилцаа хөгжүүлж ирсэн түүхтэй бөгөөд 1949 онд МУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа албан ёсоор тогтоож, хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөл улам цэцэглэн хөгжиж өнөөдөртэй золгожээ. Дэн Сяопин гэх нэр XX зууны БНХАУ-ын өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын эхлэл, явц, үр дүн, өнөөгийн хурдтай хөгжлийн түүчээ хэмээн хүн бүхний сэтгэлд буудаг билээ.  БНХАУ төдийгүй, дэлхий дахины томоохон судлаачид түүний 1978 оноос санаачлан удирдсан өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогыг түүний нэрийн хуудас гэж үзэн, өнөөгийн орчин үеийн хөгжингүй Хятад улсыг цогцлоон байгуулах их өөрчлөлтийг авчирсан хүн гэж онцлон үнэлдэг билээ. Тэрээр эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлэхдээ “Хүчирхэг төрийн систем’-ээ хадгалан, зах зээл рүү шилжсэн социалист улсын хувиар Хятад улсын өөрсдийн өвөрмөц тогтолцоог Хятадын онцлогтой социализм хэмээн нэрлэсэн юм. Тиймээс ч БНХАУ-ын үндсэн хууль болон ХКН-ын дүрэмд Дэн Сяопиний онол гэж нэрээ мөнхлөн үлдээжээ. Түүний эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлт нь эрч хүчээ авч, өдгөө БНХАУ нь эдийн засгийн тэргүүлэх дэлхийн том хоёр гүрний нэг нь болж, анх хязгаар нутгийн Шэньжэнь хотоос гараагаа эхэлсэн дөчин жилийн амжилттай хөгжлийн туршлага ба тогтолцооны аядуу шилжилтийн замналыг өдгөө судлаачдын хүрээнд “Хятадын зам’ хэмээн нэрлэж, зарим түвшинд “Хятадын загвар” ч гэж үзэх хандлагатай болоод байна гэжээ.


△“Дэн Сяопин” хэмээх монгол номын нээлтийн ёслол

Х.Баатархүүгийн эмхтгэн орчуулсан “Дэн Сяопин” хэмээх энэхүү ном нь “Өмнөх үг”, “Орчуулагчийн өмнөтгөл”, “Цагийн араншин хийгээд хүүхэд нас”, “Ертөнцийн нөгөө бөөрөнд”, “Коммунист хувьсгалын ялалтын төлөө”, “БНХАУ байгуулагдав”, “Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого”, “Түүний үлдээсэн БНХАУ” гэх бүлүүдээс бүрдсэн 200 хуудастай бүтээл бөгөөд Монгол улстай холбогдох 300 шахам ховор зургийг хавсаргажээ.

Дэн Сяопин бол БНХАУ-ын гарамгай удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн стратегич, дипломатч мөн өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын гол архитектор билээ. Түүний дэвшүүлсэн “Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого” , “Нэг улс-хоёр систем” үзэл баримтлал нь ХХ зууны сүүлчийн Хятад улсыг өөрчилж, дэлхий дахинаа асар үр нөлөө үзүүлсэн юм. “Дэн Сяопин” хэмээх энэхүү ном нь МУ-ын өргөн олон уншигчдын орчин үеийн Хятад улсын хурдацтай хөгжлийн түүхийг ойлгож, Хятад улсын амжилттай туршлага ба Хятад улсын ур ухаанаас суралцаж судалж, Хятад, Монголын харилцан ойлголцол, соёлын солилцоог ахиулахад ихээхэн тус нэмэр болох нь гарцаагүй юм гэж хуралд оролцогсод санал нэгтэй үзжээ. /Сэтгүүлч О.Дарамбазар /