Хамбург боомтынхон экспог идэвхитэй ашиглаж байна
2022-11-03 16:47:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын тавдугаар экспо /CIIE/ 11-р сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотод болно. Эл экспогийн байнгын үйлчлүүлэгч, таван жил дараалан оролцож буй Герман улсын Хамбург боомт энхүү экспог бусад орнуудтай худалдаа үйлчилгээгээр хамтран ажиллах, энэ чиглэлээр цаашид илүү их үр дүнд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байгаа талаар Германд суугаа Хятадын төв радио телевизийн сэтгүүлч Руань Жявэнь мэдээллээ.

Хамбург боомтын Маркетингийн албаны гүйцэтгэх захирал Аксел Маттерн хэлэхдээ, "Жил дараалан амжилттай зохион байгуулагдаж байгаа Хятадын олон улсын импортын экспо бодит үр дүнд хүрч байна. Тухайлбал, тус экспо нь дэлхий нийтэд нээлттэй байх, хамтдаа ашиг хүртэх, шинэ боломжийг түгээх чухал индэр болсон" гэжээ.

"Импорт, экспортын худалдаа, тээвэр, ложистикийн салбарынхны хувьд энэ нь харилцан туршлага мэдээллээ солилцох маш чухал боломж учраас бид анхны экспогоос эхлэн идэвхитэй оролцож ирсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд манай павильон улам бүр хүрээгээ тэлж, үзэсгэлэнд оролцож буй Хамбургийн компани, аж ахуйн нэгжийн тоо улам олширч, техник хангамжийн хэрэгслүүд ч илүү шинэлэг болсон юм”.

Энэ жилийн экспод Хамбург боомт нь Хятад улстай хамтран ажиллах олон төрлийн үйл ажиллагааг санал болгож, тээврийн төсөл, үйлчилгээний тогтвортой шийдлийг голлон анхаарч байна. Түүнчлэн "Германы ложистик хангамжийн гинжин хэлхээний дугуй ширээний гурав дахь уулзалт"-ыг зохион байгуулж байгаа юм байна. Маттерн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа:

"Бид хэд хэдэн шинэлэг төслийг танилцуулж, түншүүдтэйгээ нухацтай ярилцахын зэрэгцээ Хятадын олон салбарын сүүлийн жилүүдийн хөгжлийн туршлагаас суралцахыг хүсэж байна. Ингэснээр хоёр тал аяндаа хамтран хөгжиж, ахиц дэвшил гаргах боломжтой".

Маттерн хэлэхдээ, "Хятад улс Хамбург боомтын худалдааны хамгийн чухал түншийн байр сууриа олон жилийн турш хадгалсаар ирсэн. 2022 оны эхний хагаст Хамбург боомтоор нийт 4.4 сая чингэлэг ачаа нэвтэрсний 1.3 сая нь Хятад улсынх байв. Үүний зэрэгцээ, Хамбург боомт нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр идэвхитэй ажиллаж, Хятад улсын дурдсан олон санаачилгыг бодитой хэрэгжүүлсэн. Үүнээс онцлон дурдахад, 2013 онд бид Шанхай дахь оффисоо эскпо парк дахь “Хамбургийн хотхон”-д нүүлгэсэн. Энэ нь эрчим хүчний хэмнэлттэй барилга байсан юм" гэжээ.

"Бүх боомт эдийн засгаа ногоон хөгжилтэй уялдуулж байна. Бидний хувьд ч адилхан. Тухайлбал, Шанхай дахь манай оффис 10 гаруй жилийн өмнө байгуулагдсан экспо паркт байрлаж байна. Энэ бол тогтвортой хөгжилд хүрэх зөв зам гэж бид үзэж байна” гэжээ.