Бээжингийн намраар малгайн утаа сэргээхүй
2022-11-09 19:42:24
Share
Share this with Close
youtube WeChat

Юэ Лянь уулын оргил дээрээс Бээжингийн намрыг ажиглан зогсохдоо алтан шаргал дэвсгэр дээрх энэ тод улаан, ногоон өнгөнүүдийг яг байгаагаар нь зурвал нэг их сайхан нийлэгжиж ууссан дүрслэл болохгүй, харин ч авъяас зохиомж нь дутаа юу даа гэмээр этгээд бүтээл гарах байх даа гэх саваагүй бодол төрнө. Байгалийн ийм олон өнгийг нэгэн хавтгайд нийтгэн харах сонирхолтой ажээ. Монголын намраар модод команд авсан мэт нэгэн зэрэг шарлаж яах ийхийн зуургүй нүдэн дээр нүцгэрэн, киноны кадр солигдох мэт огцом хүйтэрч өвөл болдог. Гэтэл энэ газарт нэг хэсэг нь хагдарч байхад нөгөө хэсэг нь шинээр соёлж байх юм. Эргэн тойрон хачин тод улаан, ногоон, шар навчис модондоо сэржигнэх атал харааны үзүүрт нүцгэрсэн мөчирт дүүжигнэх улбар шаргал шавтал жимс дэнлүү мэт гэрэлтэх нь нэн этгээд.

Амралтын өдрөөр Бээжингийн оршин суугчид уулаа бараадан бэлчинэ. Эргэн тойрон хөглөгөр уулсаар хүрээлэгдсэн их хотын захын дүүргүүд нь тэр чигээрээ аялал жуулчлалын бизнес эрхэлцгээнэ. Ууланд алхаж яваа тэр олон хүн сүргийн нэг нь ч өвсөн дээр хөл тавьдаггүй. Учир нь зөвхөн хүний алхах, амрахад зориулсан зам, шат хаашаа л харна сүлжилдэн дурайж байх аж. Түмэн живаа амьтан холхиж хөлхсөн хотын байгалийг ингэж зэрлэг дагшнаар нь хадгална гэдэг санаанд багтамгүй. Гэхдээ энэ их амархан. Замыг нь засаад, үйлчилгээг нь журамлаад өгчихөд зүлгэн дээр гүйгээд зөрж төөрч харайгаад байх амьтан байхгүй болчихдог юм билээ.

Монгол хэлний редакцийнхан улирал бүрт хамт олны явган аялал хийдэг уламжлалынхаа дагуу өнгөрөгч амралтын өдөр Бээжингийн баруун өмнөдөд орших Юэ Лянь Шанг зорьсон нь энэ. Ажлын дарга Гэрэлт, ам хуурайгүй Хүчит хоёр шалмаг алхалсаар багийг түүчээлэн бараа нь тасарч, араас нь Дүүрэнжаргал алиа марзан дуу дуулж, амьсгал давхацтал элэг хөшөөж, Урьхан уухайлан түрж, улам хөөргөж хойно урд яваа холимог нөхдийг холбон баясгана. Болор Сандаг хоёр аппарат камераа агсан, ард ч нэг, урд ч нэг үзэгдэн шарр шурр хийлгэж, Цэцэн ах, Ринченсоо эгч хоёр тэртээх цагийн дурсамжаа энэтээх нөхөддөө хуучилж, инээд муутай би бээр хүчээ тарамдан хөхөрсөөр сүүл мушгин дээшилнэ. Далайнтуяа дүү даруухан мушийж бидэнтэй ханьсах нь ахмад үеийнхнээ асран тойлох албан үүргээ гүйцэтгэж яваанх. Үүрэггүй бол үүргэвч нь торолзоод бараа нь тасрагчдын дунд хөгжиж явах ёстой хүн. Хүн бүр нэг нэг үүргэвчтэй. Хүнд хөнгөнийг нь тааруулан аяллаа эхлэхдээ ачаагаа тэнцүүлээд авсан гэж байгаа. Үүргэвчин дотор зөвхөн хүнс бий. Айл бүрийн хоол унд, хуушуур, салад, амттан шимттэн дүүрэн. Оргил бүр дээр дундлаад яваа мөртөө л мөр хөнгөрөхгүй. Идэж ууж байгаа нь шувуу шиг улс юм даа гэж тохуурхахад оройны хоолондоо ходоодоо нөөж байна аа гэх. Өлсөж яваад хооллохын амтыг өөрсөддөө шагнаж кайф авдаг бололтой юм. Бийлэг хангалуун бээжин хүмүүс марзан юм сэдэхдээ гаргуун. Орой нь бид ирэх замд тааралдах Хөгшин уулын их монгол гэрүүдтэй үндэснийхээ ресторанд найрлана гээд тохирчихсон.

Тэнгэрт бөртийх үүлгүй цэв цэлмэг. Багийн хамгийн отгон гишүүн болох миний долоон наст сүүл мушгигчдын багт улдаж хоцрох нь дамжиггүй хэмээн тооцоолж байсныг зөрүүлж толгойн харуулынхантай урцалдан оргилд гарсан гавъяаг дашрамд дурдахгүй өнгөрөх аргагүй. Уулын тосгоны амьдралыг оргил дээрээс халиан, ажлын ачааллыг умартан тархи зүрхээ аргадаж суухуй жигтэйхэн их хөөр төрж, шинэ хүн болчихсон юм шиг мэдрэмж бялхана. Байгаль дэлхий гэдэг сэтгэл анагааж сэргэлт өгдөг хойно доо. Яриа хөөрөөнд наргиа наадам давамгайлж, ажил амьдралаа алиа үгсээр хачирлах нь нэг л гэгээн. Угаас хамт олон ажлын байнгын ачааллаа орхин агаар салхинд ингэж явах нь нэг төрлийн сэргээш билээ. Хятадад аливаа байгууллага, хамт олны нөхөрлөлийг сэргээж, ойлголцлыг дэмжих “Тунжиэн” гэж нэг хөөрхөн зан үйл шиг юм байдаг. Хамт олноороо зугаалахдаа нэг нэгээрээ арагш унаж нийт нь түүнийг тосож авдаг зугаатай тоглоом байдаг юм. Ажил төрлөөс ам мурийж, үл ойлголцол үүссэн ч Тунжиэний үеэр тэрхүү гомдол нь талархлаар солигддог гэсэн. Ажил амьдралын тасралтгүй хэмнэл дунд хүн чанар, мөн чанараа сэргээх сэдрээх хэрэгцээ хүн бүрт байдаг байх. Ковидын хорионоос болж гурван жил эх орондоо харьж чадаагүй охин бид хоёр ч гэсэн малгайн утаа сэргээсэн энэхүү аяллаас магнай тэнийн сэтгэл дүүрээд буцаж ирсээн.

Б.Занданхүү