Халдвараас сэргийлж хянах шинэ арга хэмжээ нь үндэстэн дамнасан аялалыг сайжруулахад тустай
2022-11-11 19:52:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны 11-р сарын 11-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь цар тахлын халдвараас сэргийлж хянах Хятад улсын шинэ бодлогын тухай сонирхсон гадаадын сурвалжлагчийн асуултад хариуллаа.

Жао Лижянь хэлэхдээ: Хятадын тал ард түмнийг дээдлэх, амь насыг дээдлэхийг гуйвшгүй баримталж, “Гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх, улсын дотоодод халдвар нэмэгдэхээс сэргийлэх” ерөнхий бодлогыг гуйвшгүй хэрэгжүүлж, “халдварыг цаг даруйд нь таслан зогсоох” зарчмыг гуйвшгүй хэрэгжүүлж, “цар тахлын халдварыг хориглож, эдийн засгийг тогтвортой болгож, хөгжлийн аюулгүй байдлыг баталгаажуулах” шаардлагын дагуу цар тахлын халдвараас сэргийлж хянах ба эдийн засаг нийгмийн хөгжлийг ерөнхийд нь өндөр үр бүтэмжтэй зохицуулж, ард түмний амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг бүх боломжоор хамгаалан, цар тахлын халдвараас эдийн засаг нийгэмд үзүүлэх нөлөөг бүх боломжоор бууруулна гэв.

Жао Лижянь хэлэхдээ, өнөөдөр Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо цар тахлын халдвараас сэргийлж хянах ажлыг улам сайжруулах 20 зүйлийн арга бодлогыг нийтлэв. Хятадын тал эдгээр арга бодлогыг  гаргасан нь халдвараас сэргийлж хянах ажлыг илүү шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой болгохын төлөө, харин халдвараас сэргийлж, түүнийг хянах ажлыг сулруулах, бүр түүнчлэн чөлөөтэй болгох явдал биш. Халдвараас сэргийлж хянахыг сайжруулсан эдгээр арга бодлогыг  вирусийн хувьсал өөрчлөлтийн онцлогт тулгуурлан гаргасан, энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шаардлагатай юм. Үүнийг цаашид ч ойлгон дэмжихийг хүсэж байна гэжээ.

Хятадын тал цар тахлын халдвараас сэргийлж хянах эдгээр улам сайжруулсан арга бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр үндэстэн дамнасан аялалыг улам сайжруулж, түүнчлэн бизнесийн салбарын хүмүүс Хятад улсад ирж хөрөнгө оруулан бизнесээ хөгжүүлэхэд улам тус дөхөм болно гэдэгт эргэлзэхгүй байна гэж Жао Лижянь хэлэв.




\Уртнасан\