Хятад Европ чиглэлийн ачааны галт тэрэг Дуйсбургт хүрэв
2022-11-11 09:32:48
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар 11-р сарын 7-нд, Хятад Европ чиглэлийн цагийн хуваарийн дагуу ажилладаг ачааны галт тэрэг Дуйсбургт хүрснийг хүлээн авах ёслол Германд зохиогдов. Тус галт тэрэг амжилттай нэвтэрснээр Хятад улсын хэсэг, өргөн цариг, Европын хэсэг нь цагийн хуваарийн дагуу анх удаагаа бүрэн холбогдсоныг харуулж байна. Дэлгэрэнгүйг ХТРТ-ээс Германд суугаа сэтгүүлч Руань Жявэний ирүүлсэн мэдээллээс хүлээж авч сонсоорой.

10-р сарын 26-нд Хятадын Ши-Аний олон улсын боомтоос Фотоволтайк инвертер, цахилгаан компрессор, тоос сорогч тээсэн Хятад Европ чиглэлийн X8155 дугаарын ачааны галт тэрэг Ази-Европын коридороор 9908 км аялж, саяхан Германы Дуйсбург хотод очжээ. Ингэснээр Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 10 хоногийн дотор аялах шинэ цагийг эхлүүллээ.

Хятад улсаас Дюссельдорф дахь Ерөнхий консул Дү Чүньгүө хэлэхдээ, "Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 82 чиглэлд Европын 24 орны 196 хотыг дамжин өнгөрч, Ази-Европыг холбосон олон улсын тээврийн том сүлжээг үүсгээд байна. Бүтэн цагийн хуваарьтай Хятад-Европын галт тэрэг нэвтэрсэн нь маш чухал ач холбогдолтой. Хятад хурд, хятад чанарыг дэлхий нийтэд харуулж байна. Хятад, Герман болон зам дагуух улс орнуудын хамтын хүчин чармайлтаар Хятад-Европын хооронд хэдэн арван хоног аялдаг байсан түүхийг 10 хоног болгон товчиллоо. Ирээдүйд бүр цөөн хоног болгоно гэдэгт итгэж байна.

Тэрээр хэлэхдээ: "Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нь Хятад, Европын худалдааны хөгжилд маш үр ашигтай зам суваг болж байна. Ачаа тээвэр Европт хүрсний дараа дотоод эх газрын хотуудад хүргэгдэж, бараа бүтээгдэхүүн солилцоход илүү хялбар болсныг зам дагуух хотуудын иргэд илүү сайн мэдрэх болов. Нөгөө талаар Европын орнуудын иргэд Хятадыг илүү сайн ойлгоход тусалж байна. Бүтэн цагийн хуваарьтай ачааны галт тэрэг нь шинэ гарааг эхлүүлж, зам дагуу улс орнуудын төмөр замын байгууллагууд хэлэлцээ хийж, харилцаа холбоо тогтоож, судалгаа хийснээр Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний үр ашиг улам нэмэгдэж, зардал багасна гэдэгт бид итгэл дүүрэн байна" гэжээ.

Германы төмөр замын ачаа тээврийн Евразийн компанийн борлуулалтын менежер Табе Клан хэлэхдээ, "Хятадын төмөр замын үндэсний компанитай иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд Хятад-Европын ачааны галт тэргийг бүтэн цагийн хуваарьт оруулж явуулах ажлыг идэвхитэй урагшлуулж байгаадаа маш их баяртай байна. Илүү хялбар, илүү тогтвортой төмөр замын тээвэр нь хэрэглэгчдийн ложистикийн хэрэгцээг хангах, зах зээлийг улам өргөжүүлнэ гэдэгт илтгэлтэй байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Хятад Геманыг холбосон төмөр замаар 10 хүрэхгүй хоног аялж байгаа нь үнэхээр гайхалтай, урьд өмнө байгаагүй зүйл. Хятад, Европын хооронд ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж байгаагийн зэрэгцээ төмөр зам өөрөө байгальд хамгийн ээлтэй ачаа тээвэрлэлтийн хэлбэр гэдэг нь тодорхой. Бидний давуу тал маш олон. Тухайлбал, далайн тээвэртэй харьцуулахад төмөр зам нь байгаль орчинд илүү ээлтэй, илүү хялбар байдгаас уур амьсгал болон дасан зохицоход тохиромжтой байдаг. Харин хүргэлтийн хугацаа нь бидний цаашид сайжруулах асуудал юм" гэжээ.

Дуйсбург боомт корпорацийн захирал доктор Карстен Нинне хэлэхдээ, "Хятад-Европ чиглэлийн ачаа тээврийн галт тэрэгний тээвэрлэлт тасралтгүй сайжирч, чанартай хөгжиж байгаа нь Евразийн олон улсын ложистикийн нийлүүлэлтийн сүлжээнд илүү тогтвортой байдал, эрч хүч сэлбэж байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг 10 хоног аялах болсноор өсөлтийн шинэ гараагаа эхлүүллээ гэж үзэж байна. Хятад Европ хоорондын төмөр замын тээвэр нь маш чухал ач холбогдолтой, агаарын болон далайн тээврийг нөхөж чадсан. Цаашид өсөлтийн эрчээ хадгалж, улам илүү хөгжихийг хүсэж байна. Манай байгууллага ч цаашид хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

Арга хэмжээний дараа болсон, Хятад-Европ чиглэлийн ачаа тээврийн чанар, үр ашгийг дээшлүүлэх тухай семинарт Дуйсбург хотын захиргаа, Дуйсбургийн боомт, өртөө зэрэг хамтын ажиллагааны түншүүд болон Хятадын албаны талын болон бизнес судлаачид Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэгний хөгжлийн ололт амжилт, цаашдын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх хэтийн төлвийг зөвлөн ярилцав.