Нийтлэг ойлголтоо бодит үр дүн болгох ёстой
2022-11-15 19:11:09
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар энэ сарын 14-ний өдөр Америкийн талын хүсэлтээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бали аралд АНУ-ын ерөнхийлөгч Жосеф Байдентай уулзав. Уулзалт гурван цаг үргэлжилж, хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Америкийн харилцааны стратегийн асуудал, дэлхийн болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо нээлттэй солилцож, олон нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Америкийн харилцааны ерөнхий чиг хандлагыг тогтоож өглөө. Уулзалт  ярилцааны үеэр санаа бодлоо ойлголцож, улаан шугамаа тогтоож, мөргөлдөөнөө зогсоож, чиг хандлагыг тодорхойлон, хамтын ажиллагааны боломжийг хайх товлосон зорилгодоо хүрч чадлаа. Олон улсын хамтын нийгэмлэг уулзалтыг эерэгээр үнэлж байна. 

Хятад, Америкийн төрийн тэргүүн нар сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаагаа нүүр тулан уулзаж буй нь энэ бөгөөд ерөнхийлөгч Жосеф Байден ажлаа хүлээн авснаас хойш хоёр орны төрийн тэргүүн нарын анхны уулзалт, мөн  Хятад, Америк хоёр орны дотоодын томоохон зорилтуудаа дуусгасны дараах хоёр орны төрийн тэргүүн нарын анхны харилцан яриа учраас дэлхий нийтээрээ анхаарал тавьж байна. Хоёр орны төрийн тэргүүн нар инээмсэглэн гар барьж найрсгаар уулзсан, уулзалт товлосон цагаасаа хэтэрсэн зэрэг олон зүйлээс харахад энэ уулзалт хоёр орны төрийн тэргүүн нарын харилцааны үргэлжлэл байгаад зогсохгүй шинэ эхлэл болж буйг харуулж байна. “Хятад, Америкийн удирдагчид хоёр талд харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ” хэмээн Их Британийн Financial Times сонин үзэж байгаа бол “Энэ уулзалт хурцадмал байдалд байсан Хятад Америкийн харилцааг эерүүлэх болно” хэмээн CNN онцолжээ. 

Хятад, Америк хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших харилцааны хамгийн хурцадмал байдалд ороод байгаагийн гол шалтгаан нь Хятадын талаарх Америкийн ойлголттой холбоотой юм. Хятадыг стратегийн хамгийн том өрсөлдөгч хэмээн үзэж, худалдааны дайн, технологийн дайн зарлан, Хятадыг ганцаардуулах, холбоо сүлбээ байгуулж Хятадыг “бүслэх” бодлого хэрэгжүүлснээс болж Хятад, Америкийн харилцааг буруу гольдролд оруулжээ. Тийм ч учраас Хятад улсын дарга Ши Жиньпин, “Хятад, Америк хоёр тал түүх, дэлхий нийт болон ард түмэндээ хариуцлагатай хандаж,  шинэ эрин үед эв нэгдэл болон хамтын ажиллагааны зөв чиглэлийг олж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжлийн замд нь эргэн оруулах ёстой” хэмээн онцолж байгаа юм.

Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга ХКН-ын 20-р их хурлын ололт амжилт, ач холбогдлыг танилцуулж, “Хятадын нам болон засгийн газрын дотоод, гадаад бодлого нээлттэй ил, стратегийн зорилго тодорхой байж тогтвортой байдлаа хадгалах болно.  Хятад улс хэзээ ч олон улсын дэг журмыг өөрчлөх тухай бодож байгаагүй бөгөөд Америкийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй, Америкийг заналхийлж, Америкийг орлох санаа алга” хэмээн онцолжээ. Ерөнхийлөгч Жосеф Байден уулзалтын үеэр, “Хятад улсын тогтвортой байдал, хөгжил нь Америк болон дэлхий нийтийг ашиг сонирхолд нийцнэ. Хоёр тал маргаанаа зөв шийдвэрлэн, буруу ойлголт, хурц өрсөлдөөнөө мөргөлдөөн тэмцэлдээн болгон гааруулахгүй гэдгээ дэлхий нийтэд харуулах ёстой” гэжээ. 

Тайванийн асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм, Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурь, Хятад Америкийн харилцааны давж болошгүй улаан шугам юм. Энэ уулзалтаар Ши Жиньпин дарга үүнийг ахин онцолж, Жосеф Байден ерөнхийлөгч ч Америкийн байр суурийг илүү тодорхой тайлбарлан, Америкийн тал “Хоёр Хятад”, “Нэг Хятад, Нэг Тайван” бодлогыг дэмжихгүй, Хятадыг ганцаардуулах санаагүй, Хятадын эдийн засгийн хөгжилд саад хийхгүй гэдгээ илэрхийлжээ. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг. Америкийн тал үг үйлдэл хоёроо нэгтгэх эсэхийг дэлхий нийтээрээ харж байна.