Хятад Индонезийн худалдааны хамтын ажиллагаа өргөжсөөр байна
2022-11-16 16:41:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Индонез нь усаар хиллэдэг хөрш орнууд. Сайн найз, сайн түншийн харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлагаар Хятад Индонезийн  иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгий хөгжиж, худалдааны эргэлт ч хурдтай нэмэгдэн, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хөгжлийн үр өгөөжийг  нь хоёр орны ард иргэд хүртсээр байгаа юм. 

Жакарта-Бандунгийн хурдны төмөр замын нэг хэсэг ашиглалтад орж туршигдан цахилгаан хангамжийн систем зэрэг бүх функцийг бүрэн шалгаж эхлэв. Индонезийн нийслэл Жакарта болон дөрөв дэх томоохон хот болох Бандунгийг холбосон Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замаар цагт 350 км хурдтай зорчих бөгөөд ашиглалтад хүлээн авсаны дараа  Жакартагаас Бандунг хүрэхэд ердөө 40 минут л зарцуулдаг болох юм.

Уг төмөр замын бүтээн байгуулалт нь тухайн нутгийн дэд бүтцийн стандартыг эрс дээшлүүлэхийн зэрэгцээ эдийн засаг нийгмийн хөгжилд шинэ хөдөлгөгч хүч сэлбэсэн юм. Хятадын өндөр хурдны төмөр замын корпорацийн Индонезийн салбарын захирал Дүй Яньна хэлэхдээ:

“Хятадын хөрөнгө оруулалт нь Индонезийн эдийн засгийн хөгжлийг дэмжсэн төдийгүй АСЕАН-ы орнуудад ч үр өгөөжөө хүртээх болно”. 

Энэхүү төмөр замын төсөл нь Хятадын хурдны төмөр замын корпорациас гадаадад хэрэгжүүлж буй анхны иж бүрэн төсөл гэдгээрээ онцлог юм. Төсөл дуусаж төмөр зам бүрэн ашиглалтад ороход Индонезид 30 мянган ажлын байр шинээр бий болох ажээ. Жакарта-Бандунгийн хурдны замын төслийн барилгын ажилтан Талиа хэлэхдээ:

“Энд ажилласнаас хойш цалин маань урьдынхаас гурав дахин нэмэгдсэн. Манайх шинэ байшинд орсон. Амьдрал нүдэн дээр дэвжсэн. Цаашид төмөр замын сургалтад үргэлжлэн оролцож, ашиглалтын дараах ажлын байрны нэгэнд үлдэж ажиллахыг хүсэж байна”.

Сүүлийн жилүүдэд Хятад улс дэд бүтцийн бүтээн байгуулалтаар дамжуулан улс орнуудтай нөхөрлөх нь түгээмэл болсон.  Индонезийн цахилгаан станц, авто зам, төмөр зам, гүүр, боомт зэрэг дэд бүтцийн олон арван бүтээн байгуулалтын ажилд хамтран оролцож байна. Жакарта-Бандунгийн  хурдны төмөр замын төслөөс гадна Зүүн өмнөд Азийн далай дамнасан хамгийн урт гүүр Сурамаду, мөн хамгийн урт ган гүүр Таюан, Индонезийн хоёр дахь том далан Жати Гедигийн бүтээн байгуулалтын ажилд оролцож, тус улсын иргэдэд бодит үр ашгаа хүртээсэн юм. 

Хятад, Индонез стратегийн иж бүрэн харилцаа тогтоосноос хойш, хоёр орны хооронд солилцоо, хамтын ажиллагаа идэвхитэй өрнөж байна. Хятад улс есөн жил дараалан Индонезийн худалдааны хамгийн том түнш байсаар ирсний зэрэгцээ зургаан жил дараалан хамгийн том экспортлогч орон болсон байна. 2021 онд Хятад Индонезийн худалдааны хэмжээ 120 тэрбум ам.долларыг давсан нь 2020 оны мөн үеийнхээс 58.6 хувиар нэмэгдэж, АСЕАН-ы орнуудын дунд тэргүүлэх болов. 

Саяхан болсон Хятадын олон улсын импортын тавдугаар экспод Индонезийн компаниуд кофе, далдуу модны тос, халуун орны жимс зэрэг бүтээгдэхүүнээ авчирсан нь  Хятадын хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн байна. Уг арга хэмжээнд оролцогч Индонезийн Майда группын орлогч захирал Ян Гуан хэлэхдээ, "энэ онд бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Индонез, Хятадын хооронд эдийн засаг, худалдааны харилцаа улам нягтарч, хамтын ажиллагааны орон зай өргөжин тэлсэн" гэлээ. 

“Бид Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны хэлэлцээрээс тодорхой хэмжээнд ашиг хүртсэн. Манай бүтээгдэхүүний дийлэнх нь татваргүй болж гаалийн хяналтаар маш түргэн нэвтэрдэг болсон нь бидэнд давуу тал олгож, Хятадын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн. Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа манай хоёр орны худалдаа илүү хялбарчлагдаж, хоорондоо нягт уялдаатай болно гэж бодож байна. Дараагийн алхамд бид Хятадын зах зээлд зориулан илүү чансаатай, сайн бүтээгдэхүүн гаргах болно” гэжээ. 

Хөрөнгө оруулалтын талаарх хамтын ажиллагаа нь Хятад Индонезийн худалдааны чухал бүрэлдэхүүн хэсэг болж байна. Индонезийн аж үйлдвэржилт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн шинэчлэлт, дижитал эдийн засаг зэрэг хэрэгцээ шаардлагад үндэслэсэн их хэмжээний хөрөнгө оруулалтыг Хятадын талаас хийснээр Хятад улс тус орны гуравдагч том гадаад хөрөнгө оруулагч болсон байна.   

Сүүлийн өдрүүдэд хамтарсан хөрөнгө оруулалттай Вулинг моторс Индонез компанийн үйлдвэрлэсэн эрчим хүчний 300 авто машин Индонезийн Бали аралд болж байгаа G20-ын дээд хэмжээний уулзалтын үйлчилгээнд сонгогджээ. 2015 оноос хойш тус компани Индонезид автомашины аж үйлдвэрийн парк байгуулахад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, орон нутагт 10 мянга гаруй ажлын байр бий болгосон байна. Энэ оны наймдугаар сард уг компани шинэ эрчим хүчний анхны авто машинаа үйлдвэрлэж, Индонезийн олон улсын авто машины үзэсгэлэнд анх танилцуулагдсан юм. Уг компанийн захирал Ши Юн хэлэхдээ, 

“Бидний хамтарсан төсөл Хятад, Индонезийн найрсаг хамтын ажиллагааны үр дүн бөгөөд төсөл маань бие биенийхээ давуу талыг тодруулж, хамтын хөгжил, ахиц дэвшилд хүрсэн” гэлээ. 

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо Бээжингийн өвлийн  олимпын дараа Хятадад айлчилсан анхны гадаад орны төрийн тэргүүн юм. Хоёр орны удирдагч уулзалтынхаа дараа гаргасан мэдэгдэлдээ, "Хятад, Индонез хоёр улс “Бүс ба зам” болон “Дэлхийн далай тэнгисийн тулгуур цэг" хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өндөр үр дүнд хүргэнэ" гэсэн юм. Мөн хамтарсан мэдэгдэлээс гадна хоёр улс салбар хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан нь өргөн хүрээнд хамтран ажиллах үндэс суурийг тавьсан юм. "Бид Хятад улстай найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутаг, дэлхийн хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулахад бэлэн байна" гэж ерөнхийлөгч Жоко Видодо хэлж билээ. 

“Индонез, Хятадын хооронд хамтын ажиллагааны хүрээг тэлэх тусам хоёр улсын аль алинд нь ашигтай. Дэлхийн хөгжлийн санаачилга нь дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтыг түргэтгэх хүчин зүйл гэж Индонезийн тал үздэг. Бид Хятад улстай найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна” гэжээ.