Намгархаг газрын экологийг хуулиар хамгаалсан нь...
2022-11-17 16:58:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хүн төрөлхтөн бий болсон цагаасаа эхлэн ус даган амьдарч ирсэн тул улс үндэстнүүдийн соёл иргэншлийн түүх ч ус мөрөнтэй ихээхэн холбогддог.

Хятад улс сүүлийн жилүүдэд эко хөгжлийн бодлогыг тэргүүлэгч байранд тавьж, хамгаалалтын иж бүрэн тогтолцоог байгуулснаас нэг онцлох нь хууль тогтоомжийн шинэчлэлт юм. Зөвхөн намгархаг газрын тухайд л гэхэд Хятад улс “Намгархаг газрын экологийг хамгаалах хууль” боловсруулж, хүн байгалийн эв зохиролтой орчин цагийн бүтээн байгуулалтыг хийж байна. Энэхүү хууль нь 2022 оны зургадугаар сарын 1-нээс албан ёсоор хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Хятад улсын экологийн соёл иргэншлийн тогтолцоог улам боловсронгуй болгож, холбогдох хуулийн засаглал хөгжлийн шинэ шатанд ахисан явдал болсон юм.

Дэлхийн нийт намгархаг газрын 4 хувь нь Хятад улсад ногддог нь Азидаа нэгдүгээрт, дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг. Үндэсний хэмжээний энэхүү намгархаг газрууд улс орон, тэрчлэн дэлхий нийтийн эко системд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Нийт долоон бүлэг, 65 заалттай “БНХАУ-ын намгархаг газрын экологи хамгаалалтын тухай хууль” бол Хятад улс намаг газрын хамгаалалтад тусгайлан зориулж гаргасан анхны хууль тогтоомж бөгөөд “Хамгаалахыг тэргүүн байранд тавьж, хяналт удирдлагыг чангатгаж, системтэйгээр засаглаж, шинжлэх ухаанчаар сэргээж, зүй зохистой ашиглах” гэсэн зарчмуудыг тусгасан байдаг.

Хятад улсын Ой шугуй, нутаг бэлчээрийн үндэсний газрын Намаг газрын хяналт удирдлагын газрын орлогч дарга Бао Дамин хэлэхдээ, “Намгархаг газрын экологи хамгаалалтын хууль”-ын хамгийн чухал утга учир нь нөөц баялаг бус, харин эко системийг харгалзан авч үзсэнд байгаа юм. Тэгээд ч зөвхөн намгархаг газарт чиглэгдээгүй, харин ус, хөрс, биологи зэргийг бүхэлд нь хамарч, экологийн хүчин чадамжийг хамгаалж сэргээхэд төвлөрсөн. Тэр ч утгаараа Хятад улсын эко системийн тухай хууль тогтоомжийн хоосон байсан орон зайг нөхсөнөөрөө ач холбогдолтой" гэжээ.

Бао Дамин: “Хятад улсын намгархаг газрын хамгаалалтын систем хэд хэдэн үе шатыг туулсан. Тухайлбал, эхлээд үндэсний хэмжээнд нарийвчилсан судалгаа шинжилгээ явуулж, дараа нь яаралтай хамгаалалтад авч, нөөц баялгийг хамгаалах бүс, намаг газрын цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулсан бол үүний дараа тусгай хууль боловсруулж, эрхзүйн хамгаалалтыг хийсэн”.

Олон жилийн хүчин чармайлтаар Хятад улсын олон нийтийн намгархаг газрын хамгаалалтын тухай үзэл ойлголт дээшилж, холбогдох хамгаалалтын арга хэмжээнүүд шуурхай хэрэгжсэнээр нөхцөл байдал тогтвортой сэргэж сайжирчээ. Нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжлийг дагалдан хамгаалалт ашиглалтын хоорондын зөрчил илт тодорч, хууль бусаар ашигласан, эвдэж сүйтгэсэн, бохирдуулсан зэрэг үйлдэл тасрахгүй болсон нь мөн тусгай хууль боловсруулах үндэслэл болсон юм. Намгархаг газрыг хамгаалж, хяналт удирдлагад оршиж буй системийн чанартай хүндхэн асуудлуудыг үндсээр нь зохицуулах цорын ганц үр дүнтэй арга бол даруй хууль боловсруулах явдал байлаа. Бээжингийн ойн аж ахуйн их сургуулийн профессор Жан Миншян, "Өмнө нь Хятадын 28 муж, өөртөө засах орон бүгд өөр өөрсдийн гэсэн намгархаг газрын хамгаалалтын дүрэм тогтоолтой байсан бөгөөд орон нутгуудын практик нь үндэсний хэмжээний нэгдсэн хууль тогтоомжийг боловсруулахад туршлага, лавлагаа болсон юм. Онцгойлон ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын Төв засгийн газар экологийн бүтээн байгуулалт, тэр дундаа намаг газрын хамгаалалтыг дээд хэмжээнд чухалчлан авч үзсэн нь энэхүү хуулийг шуурхай боловсруулж хэрэгжүүлэхэд түлхэц болсон" гэв.

Жан Миншян: “Өмнөх үеийн орон нутгуудын дүрмүүдийг авч үзэхэд зарим мужид нэг хавтгай дөрвөлжин метр газарт ногдох торгуулийн хэмжээ нь 3-30 юанийн хооронд байсан тул үр дүн муутай байсан. Харин энэхүү тусгай хуульд торгуулийг нэмэгдүүлж, хэрэв үндэсний чухал намгархаг газрыг эвдэж бохирдуулбал метр квадрат бүрд 1000-10000 юанийн торгууль ногдуулахаар заасан байна”.

ХКН-ын 20-р их хурлын тайланд “Эко системийн олон янз байдал, тогтвортой чанарыг нэмэгдүүлнэ”, “Тал хээр, ой шугуй, гол мөрөн, нуур цөөрмийн эко системийн хамгаалалтыг эрчимжүүлнэ” гэх зэргээр заасан. Түүнчлэн “БНХАУ-ын намгархаг газрын экологи хамгаалалтын тухай хууль”-ын хэрэгжилтийг дэмжихийн тулд саяхан “Намгархаг газрыг хамгаалах үндэсний төлөвлөгөө 2022-2030”-ыг боловсруулж, ерөнхий шаардлага, ажлын хуваарилалт, гол чухал үүргүүдийг тодорхойлж өгсөн байна. Тухайлбал, 2025 он гэхэд үндэсний хэмжээнд намгархаг газрын 55 хувийг хамгаалалтад авч, 2030 онд өндөр стандарттай хамгаалалтын тогтолцоог үндсэнд нь бүрдүүлнэ" хэмээн заажээ.