Элон Маск ба Твиттер
2022-11-17 16:26:00
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн хамгийн чинээлэг хүн Элон Маск Твиттер (Twitter)-ийг эзэмшсэн даруйдаа эрс шинэчлэл хийсэн. Тэрээр тус компанийн удирдлагуудыг халж, ТУЗ-ийг чөлөөлж, өөрөө гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн цорын ганц гишүүн болсон юм.

10-р сарын 27-нд Элон Маск 44 тэрбум ам.доллароор Твиттерийг худалдан авч, өөрийн хяналт удирдлагадаа бүрэн шилжүүлсэн юм. Хэлэлцээр дуусангуут тэрээр Твиттерийн гүйцэтгэх захирал, санхүүгийн захирал, хууль эрхзүй, бодлого хариуцсан захирал, хуулийн зөвлөх зэрэг өндөр албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүнчлэн Элон Маскийн ажлын баг Твиттерт иж бүрэн шинэчлэл хийж, Tвиттерийг тэр чигт нь өөрийн загвар, “үнэр амт”-тай болгохоор төлөвлөжээ. Элон Маскийн үзэж байгаагаар, Твиттерийн үйл ажиллагааны өртөг нь “маш муу” болохоор одоогоор тулгамдаад байгаа хамгийн чухал ажил бол даруй ажлын байрны цомхтгол явуулах явдал аж.

Элон Маскийн баг сүүлийн үед цомхтгол хийх төлөвлөгөөний талаар идэвхтэй судалгаа хийж байгаа юм байна. Хэдийгээр "75 хувийн цомхтгол" гэсэн мэдээллийг тэрээр няцааж байгаа ч Твиттерийн ажилтнуудын 25 хувь нь цомхтголд орж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна. Твиттерийн хууль эрхзүй, итгэлцлийн сан, аюулгүй байдлын  салбарт ажиллаж буй 7500 хүн хамгийн түрүүнд цомтголд өртөх магадлалтай юм.

Твиттерийг худалдаж авахаасаа өмнө Элон Маск хэрэглэгчийн хугацаагүй хоригийн хязгаарыг өөрчлөх бодолтой байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд энэ нь "хоригдсон" хэрэглэгчид буцаж ирэхийг зөвшөөрч магадгүй гэсэн үг юм. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "блокоо тайлах" боломжтой шилдэг арван твиттер хаягийн жагсаалт байдаг. Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний стратегийн ахлах зөвлөх асан Стив Бэннон нар зэрэг болно.

Элон Маскийн хамгийн сүүлийн үеийн нэг шинэчлэл гэвэл даруй цэнхэр гэрчилгээтэй хэрэглэгчдээс сард 20 орчим долларын татаас авах. Энэ мэдээлэл түгсэн даруйдаа шуугиан тарьж, олон хүний дургүйлийг төрүүлсэн бөгөөд үүнийг таамаглаж байсан Элон Маск саяхан Твиттерийнхээ намтрыг "Твиттерийн гомдол мэдүүлгийн оператор" хэмээн өөрчилжээ.

Саяхан Америкийн The Verge нэртэй хэвлэлийн мэдээлснээр, Элон Маск Твиттерийг гартаа оруулсны дараа төлбөртэй баталгаажуулалт гэрчилгээний функцийг нэвтрүүлэхийг ажилтнууддаа тушаасан бөгөөд анхны "Twitter Blue" захиалгын үйлчилгээг сард 19.99 доллар болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

The Verge-ийн дэлгэсэн төлөвлөгөөний дагуу, баталгаажуулсан Twitter Blue V гэрчилгээтэй хэрэглэгчид үйлчилгээнд бүртгүүлэх эсвэл гэрчилгээгээ алдах 90 хоногийн хугацаатай болно. Түүнчлэн холбогдох төсөл дээр ажиллаж байгаа ажилчид 11-р сарын 7 гэхэд уг функцийг үйлчилгээнд нэвтрүүлэх шаардлагатай, эс тэгвээс ажлаас чөлөөлөх болно.

Твиттерийн цэнхэр V гэрчилгээтэй хэрэглэгчдийн дунд олон алдартнууд, сэтгүүлч, улс төрч болон бусад олон нийтийн зүтгэлтнүүд байдаг. Элон Маскийн төлөвлөгөө нэрт шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Стивен Кингийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Хэрэв энэ төлөвлөгөө хэрэгжвэл тэрээр "Твиттерийн дансаа хаах болно. Сард 20 ам доллар зарцуулан байж цэнхэр V гэрчилгээтэй байх ёстой гэж үү? Харин ч Твиттер надад мөнгө төлөх ёстой" гэсэн бол үүнийх нь хариуд Элон Маск “Твиттер сурталчлагчдад бүрэн найдаж болохгүй. Найман ам доллар бол ямар байна?" гэжээ.

Ийм төлбөр хураамж нь компани хурдан ашиг олох хамгийн хялбар арга. Харин Твиттерт профайл болон онлайн брэндийг бий болгоход олон жил зарцуулсан хэрэглэгчдийн хувьд сар бүр баталгаажуулалтын төлбөр төлөх нь бараг боломжгүй хэрэг гэж санхүүгийн салбарын шинжээчид үзэж байна. Түүнчлэн сар болгон найман ам доллар төлөөд л Blue V гэрчилгээ авах нь залилангийн эсрэг Твиттерийн хүчин чадлыг буруулна гэж ч зарим нь хэлж байлаа.

Твиттерийг эзэмшилдээ авсны дараа Элон Маск яг үнэндээ олон шинэчлэлт өөрчлөлт оруулсан байна. Реклам, зар сурталчилгааны зохион байгуулалтын хувьд тэрээр "Дэлхийн хамгийн нэр хүндтэй зар сурталчилгааны платформ"-ыг бий болгохыг хүсэж байгаагаа нэгэнтээ мэдэгдэж, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн сурталчилгааг үзүүлэх нь маш чухал гэсэн байна. Түүнчлэн тэрээр Твиттерийн харьяа богино хэмжээний видео платформ болох Vine-г дахин ажиллуулах төлөв ажиглагдаж байна. Твиттер уг платформыг 2012 онд худалдаж авсан боловч хандалт, хэрэглэгчийн тоо нь хангалтгүй улмаас 2016 онд хаасан. Твиттерийн ашиг орлогыг нэмэгдүүлж, Тик Токтойтой өрсөлдөхийг Элон Маск хүсэж байгаа тухай зарим шинжээч хэлжээ.