Ази Номхон далайн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулъя
2022-11-20 23:28:40
Share
Share this with Close
youtube WeChat

Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус 29-р хурал энэ сарын 19-нд Тайландад өндөрлөлөө. Уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин Ази Номхон далайн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах, бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллыг дэмжих талаар чухал санал санаачилга дэвшүүлсэн бол хурлаар баталсан үр дүнгийн баримт бичиг нь Хятадын холбогдох бодлого, байр суурийг бүрэн тусгажээ. Ши Жиньпин даргын чухал хэлсэн үг нь дэлхийн засаглалын тухай "Азийн цаг эрин"-ийг тусгасан бөгөөд Хятад улс нь хамтын сорилтыг даван туулахын тулд талуудыг нэгтгэсэн тэргүүлэх хүчин болсон гэж олон улсын хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.

АПЕК бол Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн чухал индэр юм. Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв өөдрөг бус байж, зарим улс орнууд хүйтэн дайны өнгө аястай “Энэтхэг-Номхон далайн стратеги” баримталж, Ази, Номхон далайн хамтын ажиллагаанд ноцтой саад учруулж байна. Энэ удаагийн АПЕК-ийн уулзалтаар Ши Жиньпин шинэ нөхцөл байдалд Ази Номхон далайн хамтын ажиллагааг ахиулах тухай зургаан үзэл баримтлалыг тайлбарлаж, энх тайван тогтвортой, хамтаар хөгжсөн, үзэсгэлэнтэй, харилцан бие биенээ дэмжсэн Ази Номхон далайн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг уриалсан байна. Түүнчлэн "жинхэнэ олон талт үзлийг баримталж, олон талт худалдааны тогтолцоог хамгаалах", "хүртээмжтэй байдлыг баримталж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх”, " бүс нутгийн нээлттэй хамтын ажиллагааг тууштай баримталж, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулах" зэрэг 6 үзэл баримтлалыг онцлон дурджээ.

"Ази Номхон далайн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах" нь бүс нутгийн ард түмний энх тайван, хамтын ажиллагааны нийтлэг хүсэл эрмэлзлийг илэрхийлж, Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны зөв чиг хандлагыг хадгалахад тус дөхөм үзүүлэх төдийгүй том гүрэн болсон Хятад улсын үүрэг хариуцлагыг тусгалаа. Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжил олон сорилттой тулгарч байгаа энэ үед Хятад улс гадаадад нээлттэй байхаа баримталж, Хятадын хөгжлийн боломжоос хуваалцан, Ази Номхон далайн эдийн засгийн цогцын итгэл найдвар, аюулгүй байдлын мэдрэмжийг цаашид бэхжүүлж байна гэж Зүүн өмнөд Азийн шинжээчид онцоллоо. 

Ази Номхон далайн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах зорилтын хүрээнд, Хятад улс хамтын ажиллагааны илүү оновчтой төсөл төлөвлөгөө боловсруулж байна. Ши Жиньпин "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын 17 дахь дээд хэмжээний уулзалт болон АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтад оролцох үеэр, Хятад, Индонез хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны таван жилийн үйл ажиллагааны шинэ төлөвлөгөөнд гарын үсэг зурсан, мөн хоёр тал "Бүс ба зам" санаачилга болон "Дэлхийн далай тэнгисийн тулгуур хүчин" үзэл баримтлалд нэгдэж байгааг хоёр орны төрийн тэргүүнүүд өндрөөр үнэлсэн бөгөөд Жакарта-Бандун чиглэлийн хурдны галт тэрэг туршилтын журмаар ажиллаж эхэлснийг хамтаар гэрчилсэн байна. Тэгвэл Хятад, Тайланд хоёр орон улам тогтвортой, илүү цэцэглэн хөгжсөн, өнө батын Хятад, Тайландын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаа мэдэгдсэн бол Хятад, Лаос, Тайландыг нэгтгэсэн хөгжлийн үзэл баримтлалыг ахиулж, Хятад, Тайландын төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэн, ирээдүйд Хятад-Индохайн хойгийг дамжин өнгөрөх төмөр замыг бий болгох талаар санал нэгдсэн байна.

Хятад, Индонезийн хувь заяаны нэгдмэл цогц, Хятад, Тайландын хувь заяаны нэгдмэл цогцын хамтын бүтээн байгуулалт нь хоёр талын харилцааны өндөр түвшнийг илэрхийлээд зогсохгүй Ази, Номхон далайн хувь заяаны нэгдмэл цогц болон хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтад үлгэр жишээ бүхий үр нөлөө үзүүлж, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжихэд илүү их хүчин чармайлтыг нэгтгэж чадлаа. Иймээс Хятадын хөгжил нь Ази Номхон далайн бүс нутгаас салж чадахгүй, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг ч Хятадаас салгаж болохгүй. Тасралтгүй орчин үеийн шинэчлэл рүү тэмүүлж буй Хятад улс өөрийн шинэ бүтээн байгуулалтаараа Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхий дахинд илүү их шинэ боломжуудыг авчрах нь дамжиггүй хэмээн шинжээч үзэж байна.