Хятадын бүтээгдэхүүнүүд фанатуудад таалагджээ
2022-11-21 16:14:01
Share
Share this with Close
youtube WeChat

Катарын хөл бөмбөгийн ДАШТ тухайн бүс нутгийн цагаар 11-р сарын 20-нд нээлтээ хийлээ. Хятадын баг тамирчид энэ удаагийн тэмцээний шилдэг 32 багт шалгарч чадаагүй ч Катар-2022 ДАШТ-д Хятад улсыг төлөөлөх элементүүд тоймгүй олон харагдаж байна. Хөгжөөн дэмжигчдийг гадагш зорчиход зориулсан жуулчдын автобус, түр орон сууцаас авахуулаад хөл бөмбөгийн спорт хувцас, хүзүүний ороолт, үүргэвч гээд фанатуудын хэрэглээний олон бүтээгдэхүүнийг Хятад улс үйлдвэрлэсэн юм. Ингээд энэ тухай ХТРТ-ээс Катарт суугаа сурвалжлагч Жао Юань Фаны ирүүлсэн мэдээг хүргэе.

33 настай Вэй Ин Пэн нь Хятадын авто машин үйлдвэрлэгч нэгэн компаниас Катарт суугаа үйлчилгээний инженер. 2020 онд тус компанийн үйлдвэрлэсэн жуулчлалын автобус Катарын ДАШТ-ны үйлчилгээнд хэрэглэх машин унааны төслийн тендерт шалгарч, дараа нь бас нэмэлт захиалга авчээ. Катар улс Хятад улсаас жуучлалын автобус 1500-г импортолсны 888 нь цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд ДАШТ-ны үеэр ажиллах жуулчлалын тээврийн 30 гаруй хувийг эзэлжээ.

Эдгээр том оврын автобусыг Катарын нийслэл Дохагийн олон нийтийн тээврийн системд ашиглаж, олон орны хөгжөөн дэмжигчид хот хооронд зорчих, метроны буудал, автобусны буудлаас ДАШТ-ны ордон талбайнууд руу хүргэж угтахад хэрэглэж байна. Вэй Ин Пэн болон түүний баг хамт олон нь жуулчны автобусыг сэлбэн засах, арчлан шалгах ажлыг гүйцэтгэж байна. Вэй Ин Пэн энэ тухай ийн ярилаа.

“Халуун бүс дэх катарын цаг агаар цахилгаан хөдөлгүүрийн батарейд томоохон сорилт болж байна. Бид өдөр бүр арын албаны үйлчилгээ үзүүлж, шинэ эрчим хүчний 888 автобусны батарейн цэнэг, хорогдолд цаг тутамд хяналт тавьдаг. Бид бас олон дүүрэгт тархан хуваарилагдсан жуулчдын автобусны агааржуулах систем, гэрэлтүүлэг, аюулгүйн төхөөрөмжийг нягт нямбай шалгаж, манай бүтээгдэхүүн ДАШТ-ний үеэр найдвартай, өндөр үр бүтээмжтэй ажиллах нөхцлийг баталгаажуулж байна”.

Катарын агаар халуун, элсэн шуурга ихтэй байгаль орчны өвөрмөц онцлогт нь тохируулан Хятадын компани жуулчны автобусныхаа агааржуулалтын систем, халуунаас хамгаалах чадварыг сайжруулж, тухайн нутгийн орчинд зохицон ажиллах боломжийг бүрэн хангажээ. Хятадын компани Катарын чөлөөт худалдааны бүсэд цахилгаан автобусны үйлдвэрээ байгуулсан бөгөөд 2023 оны 11-р сард ашиглалтад оруулж, цаашид жилд шинэ эрчим хүчний 500-1000 ширхэг автобусыг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Катарын Үндэсний тээврийн компанийн ахлах албан тушаалтан Ахмед Эль Обайдли энэ тухайн ийн танилцуулав.

“Бидний хамтран ажиллагч Хятад улсын түнш маань жуулчны автобусны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Манай хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч байна. Катарын цаг агаарын нөхцөлд таацуулан Хятадын технологийн мэргэжилтэн бидэнтэй хамтран Катарт тусгайлан зориулж зохион бүтээсэн автобусны энэ загвар нь тухайн нутгийн хүрээлэн буй орчинтой олон талаар нийцэж байгаа. Хойшид илүү өргөн салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр тал хамтдаа хөгжин дэвшээсэй гэх нь бидний хүсэл юм”.

Хөгжөөн дэмжигчдийг хоноглох, буудаллах байр сууцаар хангах судалгаанд Хятад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Катарын талын анхаарлыг ихэд татжээ. Олон мянган хөгжөөн дэмжигчдийг хүлээн авахын тулд Катар улс спорт сонирхогчдын 6 ухлаг хотхоныг байгуулжээ. Үүнээс “Чөлөөт бүсийн хөгжөөн дэмжигчдийн хотхон” хамгийн том нь бөгөөд энд чингэлэг маягийн хялбар хийцтэй 6000 авсаархан байрыг байгуулжээ. Эдгээр чингэлгэн байшингуудыг Хятад улс үйлдвэрлэсэн юм. Хятадын компаниуд энэ удаагийн Катарын ДАШТ-нд 10 мянган чингэлэг байшин илгээсний олонхи нь Гуандүн, Жэжянь зэрэг газраас ирсэн хэмээн Катарын тал танилцуулжээ. Хятад улсад үйлдвэрлэсэн чингэлэг байшингуудын чанарт сэтгэл хангалуун байгаагаа ДАШТ-ыг зохион байгуулагч орны Зочид буудлын үйлчилгээний газрын ерөнхий захирал Омар Эль Жабер хэлжээ.

“Эдгээр чингэлэг байшингуудын чанар маш сайн, өрөөний дотоод тохижилт тоног төхөөрөмж бүрэн, ариун цэврийн өрөө нь тусдаа, бас агааржуулагч, цахилгаан сэнстэй юм”.

Хонож байрлах, зорчих төдийгөөр хязгаарлагдахгүй, хөл бөмбөгийн спортын хувцас, хүзүүний ороолт, спортын үүргэвч, сувинер, бэлгэ тэмдэг гээд ДАШТ-тэй холбоотой олон төрлийн бүтээгдэхүүн Хятад улсад үйлдвэрлэгджээ. ДАШТ-ний бараа зардаг тусгай дэлгүүрүүдэд Олон улсын хөл бөмбөгийн холбооны 2022 оны ДАШТ-ний албан ёсны зөвшөөрөлтэй хөл бөмбөг, спортын хувцас, хүзүүний ороолт, үүргэвч, малгай зэрэг олон бүтээгдэхүүн зарагдаж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүний дийлэнхийг Хятадаас импортолжээ. Тусгай зөвшөөрөлтэй нэгэн дэлгүүрийн худалдагч Жафар Хан энэ тухайн ийн ярьсан байна.

 “Манай дэлгүүрийн барааны 60 хувь нь Хятадад үйлдвэрлэгдсэн. Ялангуяа хөл бөмбөгийн хувцас, үүргэвч бараг тэр чигээрээ Хятад улсаас ирсэн. Эдгээр барааны чанар маш сайн, жуулчид ч Хятад улсын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах дуртай байдаг”. 

 



\Уртнасан\