Хятад Тайландын хамтын ажиллагааны ирээдүй өөдрөг байна
2022-11-22 16:33:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Тайланд бол сайн хөрш, сайн ахан дүүс, сайн түнш юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Тайланд хоёр орон "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг эрчимтэй хэрэгжүүлж, дэд бүтэц, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, дижитал эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтран ажиллаж гайхалтай амжилт олоод байна. Энэ онд "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" хүчин төгөлдөр болж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд гүнзгийрүүлэн ахиулснаар, хоёр тал хамтын ажиллагааны бат бөх суурийг тасралтгүй бүрдүүлж, Хятад, Тайландын харилцан ашигтай хамтын ажиллагаа түүхэн шинэ боломжийг нээсэн байна.

Саяхан болсон Хятадын 5 дахь удаагийн олон улсын импортын экспогийн үеэр, Тайландын компаниудын авчирсан хүнс, хөдөө аж ахуйн олон төрлийн бүтээгдэхүүн нь Хятадын хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татаж байв. Үүний дотор "жимсний хаан" хэмээгдсэн дуриан нь хамгийн их борлуулагджээ. Тайландын Чиа Покпанд группийн Хятад дахь Хөдөө аж ахуй, хүнсний зах зээлийн газрын ерөнхий захирал Жан Шухуй хэлэхдээ:

“Борлуулалт маш сайн байгаа. Эндэхийн зах зээл үнэхээр том, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ асар их байгааг бид мэдэрсэн” гэжээ.

Тайланд нь дуриан жимсний дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Жилийн үйлдвэрлэлийнхээ 80 гаруй хувийг Хятадад борлуулдаг. Энэ онд "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" хүчин төгөлдөр болсноор, Хятад, Тайландын жимсний худалдаа шинэ боломжуудыг нээж, гаалийн бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэх янз бүрийн нөхцөл болон арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх боломжтой болов. Одоогийн байдлаар, Тайландын дуриан жимс нь Хятадын хамгийн их импортолдог жимс болжээ.

Жимсний худалдаа эрчимтэй хөгжиж байгаа нь сүүлийн жилүүдийн Хятад, Тайландын эдийн засаг, худалдааны харилцааны дэвшингүй хөгжлийн нэгэн бодит жишээ юм. Удаан хугацааны турш Хятад, Тайландын харилцаа ойр дотно, тогтвортой хөгжиж, эдийн засаг, худалдаа зэрэг салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлж, “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүс зэргийг амжилттай хэрэгжүүлж олон хэлбэрээр худалдаа хамтын ажиллагааг тэлж, дэд бүтэц, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, дижитал эдийн засаг зэрэг олон салбарт амжилт олсон юм. Тоо баримтаас үзэхэд, 2021 онд Хятад, Тайландын худалдааны хэмжээ 33 хувиар нэмэгдэж, түүхэндээ анх удаа 100 тэрбум ам.долларын босгыг давав. Энэ оны 1-8-р сарын хооронд Хятад, Тайландын худалдааны хэмжээ 91.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар өсч, тогтвортой байдлаа хадгалсаар байна.

Сүүлийн жилүүдэд Хятад, Тайланд хоёр улс "Бүс ба зам"-ыг хамтаар өндөр чанартай бүтээн байгуулах үйлстээ баялаг амжилт олж, Хятад Тайландын төмөр зам зэрэг хамтын ажиллагааны томоохон төслүүд бодит үр дүнд хүрсэн байна. Одоогийн байдлаар, Пак Чонг сяньд байрлаж байгаа Хятад-Тайландын төмөр замын барилгын талбайд барилгачид шуурхай ажиллаж байна. Хятад-Тайландын төмөр зам нь Тайландын нийслэл Бангкок болон зүүн хойд бүсийг холбосон чухал холболт бөгөөд Транс Азийн төмөр замын шугамуудын онцгой бүрэлдэхүүн хэсэг юм. Тайландын Тээврийн сайд Сасаян хэлэхдээ: "Төмөр зам баригдаж, ашиглалтад орсны дараа Тайландын ард иргэдийг илүү тохь тухтай, үр ашигтай, аюулгүй зорчих боломжоор хангагдаад зогсохгүй зам дагуух хотуудын хөгжлийг ахиулж, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, улс орны өрсөлдөх ерөнхий хүчин чадавхийг дээшлүүлэх болно" гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“Хятад-Тайландын төмөр замын төсөл бол хоёр орны засгийн газар хоорондын стратегийн чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагааны төсөл юм, уг төсөл нь Тайландын төмөр замын систем тэр байтугай тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ерөнхий түвшинг эрс дээшлүүлж, Тайландыг бүс нутгийн тээвэр болон ложистикийн төв болгоход тусалж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалын хөгжлийн шинэ боломжийг бий болгож, зам дагуух бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд түлхэц өгч, орон нутгийн иргэдэд үр өгөөжөө өгөх болно” гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын автомашин, цахим худалдаа, фотоволтайк салбарын компаниуд Тайландад хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрээ байгуулжээ. Тоо баримтаас үзвэл, энэ оны эхний есөн сард Хятадаас Тайландад оруулсан хөрөнгө оруулалт хурдацтай нэмэгдэж, Тайланд Хятадаас хэдэн арван тэрбум баттын санхүүжилт татсан байна. Хятадаас Тайландад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны зөвлөх Ван Липин хэлэхдээ:

“Одоогийн байдлаар, Хятадын аж ахуйн нэгжүүдийн Тайланд дахь хөрөнгө оруулалт үндсэндээ гурван том салбарт төвлөрч байна. Нэгдүгээрт, автомашин үйлдвэрлэлийн салбар. Тайланд бол Зүүн өмнөд Азийн хамгийн том автомашины үйлдвэрлэлийн бааз юм. Одоогийн байдлаар Хятадын SAIC Motor, Great Wall Motors компани Тайландад хөрөнгө оруулан үйлдвэр байгуулж, автомашин олноор үйлдвэрлэж байна. Хоёрдугаарт, дижитал эдийн засгийн хамтын ажиллагаа. Хятадын компаниуд Тайландад дижитал бүтээн байгуулалтыг дэмжихэд идэвхтэй тусалж байна, Хуавэй компани Тайландад гурван дата төв, Алибаба Клоуд компани Тайландад дата төв байгуулжээ. Гурав дахь нь OEM үйлдвэрлэл. Хятадын компаниуд Тайландад хөрөнгө оруулан үйлдвэр байгуулж, голдуу фотоволтайк, резин, дугуй, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх зэрэг салбарт төвлөрч байна” гэжээ.

Юннань мужийн нийгмийн шинжлэх ухааны академийн өмнөд Ази, зүүн өмнөд Азийн судалгааны хүрээлэнгийн Тайланд дахь судалгааны газрын дарга Юй Хайчю хэлэхдээ: "Хятад, Тайланд хоёр орон ойр дотно, найрсаг сайн хөрш юм. Хятадын хувьд Тайланд бол дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжих чухал түнш. Харин Тайландын хувьд Хятад улс бол Тайландын хөгжил цэцэглэлтэд тусалж чадах стратегийн хүчирхэг түнш юм. Хоёр орны хамтын ажиллагааны харилцаа тасралтгүй гүнзгийрэх нь хоёр орон болон бүс нутгийн хөгжилд шинэ түлхэц өгөх болно" гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Хятад, Тайланд ногоон эдийн засаг болон тогтвортой хөгжлийн талаар стратегиа нэгтгээд байгаа. Хоёр оронд энэ чиглэлээр хөгжлийн асар их орон зайтай.  Тайланд бол Зүүн өмнөд Азийг дэлхийтэй холбосон худалдаа тээврийн чухал төв юм. Хятад улс дотоод эргэлтээ аж үйлдвэржүүлэн сайжруулах замаар Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцийг ахиулахын зэрэгцээ Хятадын гадаад эргэлтийн олон улсын хөдөлмөрийн хуваарилалтын зам сувгийг улам сайжруулж болох юм. Мөн Тайландад орчил эдийн засгийг хөгжүүлэхээр дамжин эдийн засгийн өсөлтийг тэлэх, баян хоосны ялгааг багасгах, байгаль орчныг хамгаалан тогтвортой хөгжлийг хангах зэрэг зорилгыг биелүүлэхэд тусалж болох юм” гэжээ.

Юй Хайчю бас хэлэхдээ: "Хоёр орны нийгэм, соёлын солилцооны хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, аялал жуулчлал, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, залуучууд, судалгааны төвүүд болон бусад салбар дахь хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч байгаа нь хоёр орны харилцааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхэд нийгмийн бат бөх үндэс суурь тавьж өгөх болно".