Израильд Шиньжяны үзэмжийг сурталчлав
2022-11-24 15:05:24
Share
Share this with Close
youtube WeChat

Тель-Авив дахь Хятадын соёлын төв "Үзэсгэлэнт Хятад орон-Шиньжяны байгалийн үзэсгэлэн" хэмээх урлагийн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулсан нь Израилийн олон нийтийн сонирхлыг татав. Хятадын зураачдын Шиньжяны үзэсгэлэнт байгалийн талаарх тосон будгийн бүтээлүүд болон Шиньжяны олон газар авсан тансаг гоё гэрэл зургууд нь тус газрын зан заншил болон соёл иргэншлийг өөр өөр өнцгөөс харуулж, үзэсгэлэнт сайхан Шиньжяны соёлын сэтгэл татам байдлыг илтгэсэн байна.

2021 оны дөрөвдүгээр сард Хятадын тосон будгийн чиглэлээр бүтээл туурвидаг 15 зураач Шиньжянд очиж байгальд судалбар хийн, Шиньжяны байгалийн дүр төрх, хүн ард, зан заншлын сэдэвтэй урлагийн бүтээл туурвиж, баримтат кино хийжээ. Үүнээс дэлгэцийн 16 зураг, мөн 17 гэрэл зураг болон тэндэхийн соёл урлагийг илтгэсэн зарим бүтээлүүд Тель-Авив дахь Хятадын соёлын төвд тавигдсан байна. Энэ сарын 22-ны орой болсон "Үзэсгэлэнт Хятад орон-Шиньжяны байгалийн үзэсгэлэн" хэмээх эл үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Хятад, Израилийн олон салбарын хэдэн арван зочид хүрэлцэн ирж, эхлээд ”Үзэсгэлэнт Шиньжян" хэмээх сурталчилгааны видео кино үзэв. Дараа нь Хятадаас Израильд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Рун үг хэлж, Шиньжяны олон салбарын ололт амжилтуудыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, "Шиньжянд очихгүй бол Хятад орон ямар уудам, ямар үзэсгэлэнтэй гэдгийг мэдэхэд нэгэн онцгой өнгө дутна. Шиньжян нь Хятадын баруун хойд хэсэгт оршдог. Тэнд олон үндэстэн ястнууд эв найрамдалтай, амар тайван, анар жимсний үр мэт нягт дотно хамтдаа амьдардаг гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Шиньжяны байгалийн үзэмж, зан заншлыг харуулсан гэрэл зургийн болон уран зургийн үзэсгэлэн нь Израилийн найзуудад Шиньжянаар дамжуулан Хятад орныг илүү сайн ойлгуулах болно. Энэ нь бас хоёр орны соёлын солилцоо, хүмүүсийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Израилийн найзууд үзэсгэлэнг маш их урамтай үзэж сонирхож байна. Тэд Шиньжяны бодит байдал, Шиньжяны өнөөгийн хөгжил дэвшлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа юм” гэжээ.

Өдгөө 83 настай Шошна Ярон нөхрийн хамт Тель-Авив дахь Хятадын соёлын төвд хүмүүсээс түрүүлэн ирж, Шиньжяны уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхож байлаа. Тэрээр хэлэхдээ: "Хятад эхнэртэй том хүү маань одоо Шанхайд хамтдаа амьдарч байна. Би Хятадад 20 гаруй удаа очсон ч Шиньжянд нэг ч удаа очиж үзээгүй, гэрэл зураг болон тосон будгийн зургуудаас Шиньжяны байгалийн үзэсгэлэнт байгалийг харлаа. Би Шиньжянд аялахыг маш их хүсэж байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Манай хүү Хятадад очсоноос хойш бид Хятадын соёл, түүх, Хятадын ард түмнийг сонирхох болсон. Бид Хятад руу явах дуртай, Хятадын соёлтой холбоотой зүйлсийг сонирхох дуртай. Тель-Авив дахь Хятадын соёлын төвөөр байнга зочилдог. Энд би хоёр дахь удаагийнхаа үзэсгэлэнг сонирхож байна. Бүтээлүүд нь бүгд үзэсгэлэнтэй, зургууд нь ч маш сайхан байна. Цэнхэр тэнгэр, дээшээ эгц шулуун ургасан тооройн ой шугуй, байгалийн давтагдашгүй өнгөнүүд гээд үгээр хэлэхийн аргагүй сайхан үзэмж байна” гэжээ.

Хятадад олон удаа айлчилж байсан Григорий Пельман хэлэхдээ, "Хятад улс хурдацтай хөгжихийн зэрэгцээ уламжлалт соёлоо хадгалан үлдээж байгааг би Хятадын хот болон хөдөө тосгонд байхдаа мэдэрсэн. Энэ нь надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Шиньжяны уран зургийн энэхүү үзэсгэлэн нь их сонирхолтой бөгөөд Шиньжяны үзэсгэлэнт байгалийн онцлогийг тод томруун харуулсан байна. Би Шиньжян нутгаар аялахыг тэсгэлгүй хүсэж байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Шиньжяны соёл, байгаль, нийгэм соёлыг харуулсан энэхүү уран зургийн үзэсгэлэн маш сонирхолтой байна. Шиньжян бол хурдацтай хөгжиж буй бүс нутгийн нэг. Шиньжян жуулчдын сонирхлыг их татдаг. Тэндэхийн байгаль нутаг үзэсгэлэнтэй сайхан, хүмүүс нь ч зочломтгой найрсаг. Шиньжянд зочилж, найзуудтайгаа хөгжмийн аянд бүжиглэж байхад бүх зүйл ер бусын мөртөө гайхалтай сайхан санагддаг. Би Хятадад олон удаа очиж байсан. Миний хувьд Хятад бол шагшин магтмаар гайхалтай орнуудын нэг. Хятад орон урт удаан түүхтэй төдийгүй гайхамшигт соёлтой юм” гэжээ.               


Ганаа