Ли Кэчян Казахстаны ерөнхий сайдтай цахим уулзалт хийв
2022-11-30 10:42:54
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 29-ний үдээс хойш Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Ардын их хурлын ордонд Казахстаны Ерөнхий сайд Алихан Смайловтой цахим уулзалт хийв.

Ли Кэчян хэлэхдээ, "Хятад, Казахстан бол найрсаг хөрш. Дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш хоёр орны харилцаанд асар их ахиц дэвшил гарч, хоёр орон, хоёр орны иргэдэд үр өгөөжөө өгсөн юм. Өнгөрсөн 9-р сард Ши Жиньпин даргын Казахстан улсад хийсэн айлчлал амжилттай болж, Хятад, Казахстаны харилцааны хөгжлийн шинэ үеийг эхлүүлэв. Хятад улс Казахстантай өндөр дээд түвшний болон бүх шатны харилцаа холбоогоо эрчимжүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бүс нутаг, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Казахстаны харилцааг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг дэмжих болно" гэжээ.

Алихан Смайлов хэлэхдээ, "Казахстан Хятад улстай харилцах харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Казахстан, Хятадын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Хятад улстай улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэх, засгийн газар хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, цаашид эдийн засаг худалдаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлж, боловсон хүчний харилцаа холбоог нэмэгдүүлж, Казахстан, Хятадын өнө батын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.