У.Хүрэлсүхийн айлчлал баялаг агуулгатай болж өнгөрлөө
2022-11-30 10:21:06
Share
Share this with Close
youtube WeChat


Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11-р сарын 27-28-нд Хятадад төрийн айлчлал хийсэн юм. Энэ бол ХКН-ын 20-р их хурлын дараа Хятадад хийж буй Монгол улсын Ерөнхийлөгчийн анхны айлчлал бөгөөд хоёр орны төрийн тэргүүний энэ оны хоёр дахь уулзалт юм. 

2022 он нь Хятад Монгол хоёр орны харилцааны хувьд онцгой ач холбогдолтой жил болж байна. Учир нь энэ онд хоёр орны өндөр дээд хэмжээний уулзалтууд шил шилээ даран болж өнгөрсөн билээ. Бээжингийн өвлийн олимпын үеэр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчилж, дараа нь Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Монгол улсад айлчилж, түүний дараа Хятад Монгол хоёр орны төрийн тэргүүн нар Самарканд хотод болсон ШХАБ-ын удирдагчдын хурлын үеэр биечлэн уулзаж байсан юм. Тэгвэл ХКН-ын 20-р их хурлын дараа Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятадад хийсэн төрийн айлчлал хоёр орны дипломат харилцаанд чухал ач холбогдолтой гэж хэлж болохоор байгаа юм. Энэ нь дэлхийн эдийн засаг болон олон улсын харилцааны туйлын эгзэгтэй цаг үетэй давхцаж буйгаараа онцлог болж байна. Хоёр орны төрийн тэргүүний уулзалтаар БНХАУ болон Монгол улсын шинэ цаг эриний иж бүрэн стратегийн түншийн харилцааг ахиулах тухай хамтарсан мэдэгдэл нийтэлж, хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. 

Энэ сарын 28-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзахдаа, “Бид хоёр сарын дараа дахин уулзаж буй нь Хятад Монголын харилцаа дээд түвшинд хөгжиж буйг бүрэн илтгэж байна. Хятад Монгол хоёр орон бол чухал хөрш орон , сайн хөршийн найрамдал хамтын ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлсээр ирсэн юм. Монголын талтай тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон бие биеийнхээ сонгосон хөгжлийг замыг хүндэтгэж, амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан дэмжихэд бэлэн байна. Хоёр тал засаглалын туршлагаасаа харилцан суралцаж, “Бүс ба зам” санаачилгыг “Талын зам” санаачилгатай уялдуулж, Хятадын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилгыг Монгол улсын шинэ сэргэлтийн бодлоготой холбож, Хятадын хоёр шат үетэй хөгжих стратегийг Монгол улсын “Алсын хараа 2050”-тай уялдуулж, эдийн засаг худалдаа, эрчим хүч уул уурхай, дэд бүтцээрээ холбогдох зэрэг салбарт голчлон хамтран ажиллаж, мэдээллийн технологи, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг нарийн боловсруулах салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой” гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Монгол улсын хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөтөлбөрийг Хятад улс сайшаан дэмжиж, энэ салбарын хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, бодит ажил хэрэг болгох санал дэвшүүлсэн юм. Үүнд Хятад Монголын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв байгуулж ажиллуулах санал дэвшүүлсэн нь хоёр орны цөлжилтийн эсрэг хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах бодит алхам болов.

Ухнаагийн Хүрэлсүх хэлэхдээ, “Цар тахлын үед хоёр тал харилцан дэмжин туслалцаж, дэлхийн чанартай томоохон сорилтуудыг хамтаар даван туулж, зовох цагт нөхрийн сайныг танина гэдгийн үлгэр жишээ болсон юм. Монгол улс нэг Хятадын бодлого хэрэгжүүлнэ. Энэ бодлого маань хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэжээ.

Айлчлалын үеэр талууд “БНХАУ болон Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, “БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр” зэрэг нийт 16 баримт бичигт гарын үсэг зурсан юм.