Харааны бэрхшээлтэй хүүхэн ба нүүр будалтын зураач
2022-12-03 23:22:31
Share
Share this with Close
youtube WeChat

Шяо Жя 1992 онд Хятадын төв нутгийн Жянши мужийн Ганьжөү хотод төржээ. Багадаа ээжийнхээ гоо сайхны бүтээгдэхүүнээр өөрийгөө гоёж, толинд байнга хардаг нэгэн байлаа.

△ Шяо Жя

Харамсалтай нь 9 настай үеэс нь Шяо Жягийн нүд шөнийн харалган байдалд орсон бөөгөөд ахлах ангид хүрэхэд нь өдөржингөө цас орох мэт харагдах боллоо.

Эцэг эх нь эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэсний дүнд нүдний торлог бүрхэвч нь гэмтсэний улмаас хоёр жилийн дараа хараагаа бүрмөсөн алдана хэмээн оношилжээ.

Түүнээс хойш Шяо Жя сургуулиа орхиж, хараагүй хүмүүст зориулсан массаж сурч, массажны эмнэлэгт ажиллаж, өөрөө массажны газар нээж, хурдан бичээчийн ажил зэргийг хийж байснаа 2015 оноос эхлэн нүүр будалтын зураач болохоор шийджээ.

△Шяо Жягийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Гоо сайхан ертөнцийг нүдээрээ харж байсан учраас ой санамж, дур сонирхолдоо хөтлөгдөн тэрээр нүүр будалт сурч эхэлсэн юм.

Шяо Жя нүүр будалтын хичээл дээр нүүрээ будуулагч загвараар сууж хичээл сонсохынхоо зэрэгцээ багшийн ур чадварыг өөрийн биеэрээ мэдрэн сурч авдаг байлаа.

Шяо Жя гоо сайхны бүтээгдэхүүний савнуудыг хэлбэр хэмжээ, материалаар нь таньдаг бөгөөд хэлбэр дүрс нь адилхан саван дээр бол брайлиар тэмдэг тавьдаг.

△Шяо Жя нүүр будалтын тухай ур чадвараасаа хуваалцаж байгаа нь

2016 онд нүүр будалтад сайн мэргэшсэн тэрээр хараагүй хүн яаж нүүр будах тухай влог хийж, нийгмийн сүлжээгээр цацсан байна.

Түүнээс хойш харааны бэрхшээлтэй олон хүн түүнтэй утсаар холбогдон нүүр будах тухай зөвлөгөө авдаг болжээ.

Харааны бэрхшээлтэй 100 мянган хүүхэнд нөлөөлж, тэдэнд итгэл, гоо сайхны мэдрэмж төрүүлэх нь Шяо Жягийн хүсэл мөрөөдөл аж.