Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 13-р форум нь “Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе” уриан дор 2022 оны 12-р сарын 23-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны төв Хөххот болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо онлайн хэлбэрээр зэрэг явагдлаа.
Форумд оролцож буй Хятад Монгол хоёр орны төлөөллүүд
Уг форумд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Экологи, байгаль орчны яам, БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, Ардын засгийн ордон, хэвлэл мэдээллийн байгууллага болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, УИХ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МСНЭ-ийн төлөөллүүд зэрэг 100 орчим хүн оролцсон байна. Форум нь нээлтийн арга хэмжээ болон хэлэлцүүлэг гэх хоёр хэсэгт хуваагдан явагджээ.
Тянь Юйхун үг хэлж байгаа нь
БХСН-ийн Нарийн бичгийн дарга Тянь Юйхун БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны мэндчилгээг уншиж танилцууллаа. Тэрээр, “Экологи, байгаль орчин бол хүн төрөлхтний оршин амьдарч хөгжихийн үндэс суурь бөгөөд ногоон дэлхийг бүтээн байгуулах явдал нь хүн төрөлхтний хамтын хүсэл мөрөөдөл юм. Уг форум ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе уриан дор болж байгаа нь ногоон дэлхийг хамтдаа байгуулах гэсэн хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон салбарынхны үүрэг хариуцлагыг тодотгон харууллаа. Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг ухуулан сурталчлах, экологийн соёлын бүтээн байгуулалтыг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн байгуулалтыг урагшуулахад нааштай үүрэг гүйцэтгэх болно” гэжээ.
Ө.Золбаяр үг хэлж байгаа нь
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр форумд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ, “Уг форум нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийгээд удаагүй байгаа энэ цаг үед тохиож байгаагаараа онцлог юм. Хоёр орны төрийн тэргүүн нар айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд энэ үеэр хоёр орны найрамдалт харилцааны талаар олон чухал асуудлыг хөндөж ярилцсан. Үүний дотор байгаль орчны чиглэлд хоёр улс хамтран ажиллахаар тохиролцсон нь онцгой чухал үйл явдал болсон” гээд, “Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон энэхүү үйл хэрэг амжилттай хэрэгжиж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа цаашид идэвхтэй гүнзгийрэн хөгжихөд хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Форумд оролцогсод дурсгалын зураг авахуулахын өмнө
БНХАУ-ын Экологи, байгаль орны сайд Хуан Рүньчю болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бэт-Эрдэнэ нар тус тус үг хэлж, өөр өөрийн орны байгаль орчин хамгааллын ажлын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн төлвийг танилцуулж, хоёр орны хамтын ажиллагааны боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.
Хэлэлцүүлгийн явцад форумд оролцогсод “Байгаль орчны мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, цэвэр үзэсгэлэнтэй дэлхийг хамтаар цогцлооё”, “Байгаль хамгаалах үйлст хэвлэл мэдээллийн салбарын гүйцэтгэх үүрэг”, “Сэтгүүлч ногоон дэлхийг хамгаалахад гүйцэтгэх үүрэг хариуцлага”, “Байгаль орчны чиглэлээр мэдээ, нийтлэл бэлтгэхэд тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвээр үг хэлж, экологи, байгаль орчны хамгаалллын салбар дахь хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн төлөв, боломж зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
Форумын үеэр Хятадын ӨМӨЗО-ны “Өвөр Монголын өдрийн сонин”-ны хороо болон Монгол Улсын “Өнөөдөр” сонины газар, ӨМӨЗО-ны Радио Телевиз болон Монгол Улсын UBS телевиз зэрэг хэвлэл мэдээллийн холбогдох байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав. /Сэтгүүлч О.Дарамбазар/