Синьхуа агентлагийн мэдээ: Орос Турк хоёр хамтран Туркт байгалийн хийн төв байгуулах төслийг эхлүүлсэн нь байгалийн хийн зах зээлийн үнийн ил тод, шударга байдлыг хангана хэмээн Газпром энэ сарын 28-ны өдөр мэдэгдлээ.
"Газпром"-ын ерөнхийлөгч Алексей Миллер компанийн жилийн эцсийн хурал дээр дээрх мэдээг зарлахдаа энэ нь хоёр орны удирдагчдын гаргасан шийдвэр бөгөөд түүнийг хэрэгжүүлэх ажлыг Газпром хариуцаж байна гэжээ. Түүнчлэн ОХУ-ын “Туркийн урсгал”, “Цэнхэр урсгал” далайн доорх байгалийн хийн хоолойнууд одоогоор хэвийн ажиллаж байна.
Алексей Миллер хэлэхдээ, “Дэлхийн байгалийн хийн зах зээл хурдацтай хөгжиж, ойрын 20 жилд эрэлт 20 хувиар нэмэгдэнэ. Тиймээс бид ирээдүйгээ бодож, шинэ төслүүдийг эхлүүлж эрчим хүчний аюулгүй байдлын талаар бодох хэрэгтэй” гэв.
Энэ оны аравдугаар сард болсон "Оросын эрчим хүчний долоо хоног" олон улсын форум дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Хойд урсгал" хоолойгоор тээвэрлэх боломжгүй байгалийн хийг шилжүүлэн ачих боломжтой Европ дахь хамгийн том байгалийн хийн зангилаа байгуулахыг санал болгов. Төлөвлөгөөний дагуу байгалийн хий дамжуулах шинэ систем барьж, Туркт төв байгуулан, түүгээр дамжуулж Оросын хийг гуравдагч орнуудад борлуулах боломжтой.