Хятадын аялал жуулчлалын салбар сэргэж байна
2022-12-30 11:05:59
Share
Share this with Close
youtube WeChat

Шинэ жилийн баяр, Цагаан сар ойртсоны дээр халдвар хамгааллын дэглэмд өөрчлөлт орсноор сүүлийн үед Хятадын аялал жуулчлалын салбарын эдийн засаг сэргэх хандлагатай болж, галт тэрэг, нисэх онгоцны тасалбар худалдан авах, зочид буудал захиалах хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Хятадын аялал жуулчлалын томоохон сайтуудын тоо баримтаас харахад, аялал жуулчлалын захиалга өгч буй хэмжээ  өнгөрсөн жилийн мөн үеэс хол давсан нь Хятадын соёл аялал жуулчлалын эрэлт хэрэгцээ цаашид нэмэгдэж буйг харуулж байна.

Саяхан болсон Хятадын төвийн эдийн засгийн ажлын хуралдаанаас хэрэглээг сэргээж өргөтгөхийг тэргүүлэх зорилт болгож, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх стратегийн хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэхтэй уялдуулах хэрэгтэй гэж цохон тэмдэглэсэн юм. Иймээс соёл аялал жуулчлалын салбар нь энэ онд хүмүүсийг цар тахлын өмнөх хэвийн амьдралдаа буцах, газар үзэж нүд тайлах, зугаацаж амрах чухал хэрэгцээ шаардлагын халуун цэг болж буй юм. Энэ нь хэрэглээний зах зээлийн нөөцийг цаашид идэвхжүүлж, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөж, хүмүүсийг аз жаргалтай амьдралд хүргэх чухал зам суваг болж байна.

Аялал жуулчлалын салбар цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн билээ. Сүүлийн гурван жилийн халдвар хамгааллын хатуу бодлогын нөлөөгөөр тус салбарын ашиг орлого асар ихээр хумигдсан юм. Харин өдгөө халдвар хамгааллын бодлогодоо шинэ зохицуулалт хийснээр хүмүүсийн явж суух чөлөөтэй болж, аялал жуулчлал дахин сэргэн хөгжих бодит нөхцөлийг бий болгосон байна. Нэг талаар олон нийтийн дэд бүтэц нээлттэй болж, нөгөө талаар хүмүүс чөлөөтэй зорчих болсон нь аялал жуулчлалын зах зээлийн нөөцийг цаашид дайчилж, улмаар бүхэл бүтэн эдийн засгийн нөөц бололцоог идэвхжүүлэх үүрэг гүйцэтгэх болж буй юм.

Хятадын аялал жуулчлалын үндэсний газрын хамгийн сүүлийн үеийн дүрэм тогтоолоор, жуулчны баазууд хэчнээн жуулчин хүлээж авахаа орон нутгийн захиргаанаас гаргасан халдвар хамгааллын бодит байдалд үндэслэж өөрсдөө тогтоож болно гэсэн нь аялал жуулчлалаа хөгжүүлэхэд бодлогын баталгаа хангасан хэрэг байлаа.

Хятад улс 1 тэрбум 400 сая хүн амтай, хүн тутамд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12 мянган ам долларт хүрч байна. Хятад улс бол дэлхийн хамгийн их хөгжлийн нөөц бололцоотой хэрэглээний зах зээл юм. Халдвар хамгааллын шинэ бодлого хэрэгжүүлснээс болж Хятадын иргэдийн гадаад дотоодод хийх аялал жуучлал эрс нэмэгдэх хандлагатай болж, Хятадын аялал жуулчлалын зах зээлийн хөгжилд шинэ хөдөлгөх хүч сэлбэж байна.