Хятад улс ковид-19-ийг Б ангиллын А зэрэглэлээс Б ангиллын Б зэрэглэл рүү оруулснаа энэ сарын 8-нд мэдэгдсэн байна. Сүүлийн хэсэг хугацаанд, Хятадын засгийн газар цаг хугацаа, нөхцөл байдлын дагуу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлынхаа хэлбэрийг улам оновчтой болгож, эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдуулахын зэрэгцээ ард түмний хэвийн үйлдвэрлэл, амьдралыг хангахын тулд шинэ зохицуулалт хийсэн байна.
Швейцарийн Женевийн их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн захирал Антуан Фрао “Хятад улс болон Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хатуу бодлого баримталж ирснээ тухайн үеийн барууны орнуудын авсан арга хэмжээнээс илүү үр дүнтэй гэж үзсэн байна" гэв.
“Хятад улс тахлын эхний хугацаанд АСЕАН-ы орнуудад дэмжлэг тусламж үзүүлсээр ирсэн. Чухамхүү Хятад улстай нягт хамтран ажилласны үр дүнд Индонези улс вакцинжуулалтын түвшин өндөртэй орнуудын нэг болж чадсан юм” гэж Индонезийн "Жакарта Пост" сонины ахлах редактор Корнелиус Пуба хэллээ.
Германы Коммерс банкны ахлах эдийн засагч Томми Ү "Тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах шинэ бодлогыг улам боловсронгуй болгосны үр дүнд Хятадын эдийн засаг эхний үеийн таамаглалаас илүү сайн байж магадгүй" гэж төсөөлжээ.
“Хятад улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх бодлогыг улам боловсронгуй болгож, зохицуулалт хийсэн нь Орос, Хятадын худалдааг тасралтгүй нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх төдийгүй хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагааны хөгжил, олон салбарын хүмүүсийн хэлхээ холбоог цаашид ахиулах болно” хэмээн Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн ахлах судлаач Андрей Островский хэлсэн байна.