"Бүс ба зам"-ыг цаашид нэн сайтар хөгжүүлэн өргөжүүлэх болно
2023-01-10 19:07:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь 10-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа: Хятад, Туркменистан хоёр орны засгийн газрын гарын үсэг зурсан "Бүс ба зам" санаачилга хийгээд "Торгоны замыг сэргээн хөгжүүлэх" стратегийг холбох тухай ойлголцлын санамж бичиг нь хоёр орны эдийн засаг, худалдаа зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Хятад, Туркменистаны хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагш ахиулахад шинэ хөдөлгөх хүч сэлбэж, түүнчлэн Хятад улс хийгээд Төв Азийн таван орны "Бүс ба зам"-ыг хамтаар бүтээн байгуулах хамтын ажиллагаа цоо шинэ шатанд орохыг урагш ахиулах болно гэв.

Өнгөрсөн нэг жилд "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт тогтвортой ахиж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд шинэ хөдөлгөх хүч нэмэрлэлээ. Хятад-Европ чиглэлийн галт тэрэг бүтэн жилд 16 мянган удаа аялж, 1.6 сая ширхэг стандарт чингэлэг ачаа бараа тээвэрлэсэн нь 2021 оныхоос тус тус 9, 10 хувиар өсөв. Хуурай, тэнгисийг холбосон баруун бүс нутгийн шинэ зам сувгаар аялсан галт тэрэг 756 мянган стандарт чингэлэгийг тээвэрлэсэн нь 2021 оныхоос 18.5 хувиар нэмэгдэв. Хятад-Лаосын төмөр замаар аяласан зорчигчид давхардсан тоогоор 9 саяаас давж, Камбожийн анхны хурдны авто зам буюу Пном Пен-Сихануквил хурдны авто зам олон нийтэд нээлттэй ажилласнаас хойших гурван сарын хугацаанд 1 сая гаруй машин унаа зорчиж, Зүүн Өмнөд Азийн анхны хурдны төмөр зам Бадунг-Жакарта чиглэлийн хурдны төмөр зам туршилтын шугамаар амжилттай ажилласан юм гэж Ван Вэньбинь танилцуулав.

Тэрээр хэлэхдээ: "Бүс ба зам"-ыг хамтаар бүтээн байгуулах нь дэлхийн хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцэж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзлийг дагасан бөгөөд ямагт асар хүчирхэг уян хатан шинж чанар, хөгжлийн эрчийг хадгалсаар байна. Энэ онд Ши Жиньпин дарга "Бүс ба зам"-ыг хамтаар бүтээн байгуулах санаачилгыг дурдсаны 10 жилийн ой тохиож байна. Хятад улс цаашид ч хамтдаа зөвшилцөх, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа эдлэх зарчим хэрэгжүүлж, талуудтай гар нийлэн хөгжлийг хамтаар сүвэгчилж, дэлхий нийтэд ашиг тус бүтээсэн энэхүү "хөгжлийн бүс", хүн төрлөхтөнд үр өгөөж хүртээсэн энэхүү "аз жаргалын зам"-ыг нэн сайтар хөгжүүлэн өргөжүүлэх болно гэв.



\Уртнасан\